"Сэргээгдэх Эрчим Хүчний Инженерүүдийн Холбоо" ГҮТББ-ын зүгээс жил бүр санаачлан зохион байгуулдаг "Сэргээгдэх эрчим хүч ба дэвшилтэт технологи-2025" эрдэм шинжилгээний хурал (2025.05.22) боллоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудад оновчтой шийдлийг олж, гарцыг тодорхойлох эрхэм зорилготой юм. Мөн салбарын мэргэжилтэн, судлаачдыг дэмжих, шинэ техник технологийг олон нийтэд сурталчлан таниулахаар зорьж байна. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд нийт 11 судлаач илтгэлээ танилцууллаа. Шалгарсан нэг илтгэгч AFORE-2025 олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох аж.
“Монгол орны нөхцөлд HTR-PM цөмийн реактортай 420 МВт чадалтай цөмийн цахилгаан станцыг байгуулах боломжийн судалгаа” эрдэм шинжилгээний өгүүллээс онцлон хүргэж байна.
Энэхүү судалгааны ажлаар БНХАУ-ын HTR-PM (High Temperature Gas-cooled Reactor - Pebble-bed Module) загварын өндөр температурт хийн хөргөлттэй цөмийн реактор бүхий 420 МВт чадалтай цөмийн цахилгаан станц (ЦЦС)-ыг Монгол орны нөхцөлд барих боломжийг судалжээ. Судалгаанд процессын загварчлалын EBSILON Professional программ хангамжийг ашиглан уг 420 МВт чадалтай ЦЦС-ын термодинамикийн загварыг боловсруулж, ажиллагааны гүйцэтгэл болон техник эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцоолсон байна.
Судалгааны үр дүнгээс харахад HTR-PM төрлийн реактортай ЦЦС нь АҮК, аюулгүй ажиллагааны дэвшилтэт технологитой, байгаль орчинд ээлтэй шийдлээрээ Монгол Улсад эрчим хүчний хангамжийг урт хугацаанд тогтвортой болгох, цэвэр эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх бодит шийдэл болж чадах аж. Мөн Монгол орны эрчим хүчний хэрэгцээ, байгаль орчны нөхцөл болон эдийн засгийн боломжид нийцэхүйц байгаа юм. Тухайлбал, жилд 2,898 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, 2,695 сая кВт.ц цахилгаан түгээх боломжтой байна.