E-Sight
Замын-Үүдыг бүхэлд нь эрчим хүчээр хангаж буй нарны станц

Замын-Үүдыг бүхэлд нь эрчим хүчээр хангаж буй нарны станц

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт баригдсан 30 МВт хүчин чадалтай “Эрдэнэ” нарны цахилгаан станц 2024 онд ашиглалтад орсон билээ. Замын-Үүд сумаас 15 км зайд байршдаг “Эрдэнэ” станц 20 МВт/80 МВт.цаг батарей хуримтлуур, 110/10 кВ дэд станц, инвертерээс бүрдэж байна.  

ТБНС-нд аваар, саатал гарч, цахилгаан тасрах үед энэхүү станц бие даан ажиллаж, хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангах чадвартайгаараа онцлог юм. 

“Эрдэнэ” станц нь Монгол Улсад анх удаа, зарим техникийн тодорхойлолтоор дэлхийд анх удаа гэж болох туршилтыг ДҮТ-ийн удирдлага дор (2025.04.02) хийжээ. Тодруулбал, ТБНС-нээс тусдаа бие дааж батарей хуримтлуураас 110 кВ-ын 15 км шугамаар дамжуулан Замын-Үүд сумын цахилгааны хэрэглээг хангах туршилт амжилттай болсон байна. Ингэснээр уг технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болж буй юм. 

Туршилтын дараа шугам сүлжээний засварын үеэр мөн хоёр ч тохиолдолд Замын-Үүд сумыг цахилгаанаар бүрэн хангаж ажиллажээ. Ийн батарей хуримтлууртай хоршин ажилласнаар “Эрдэнэ” нарны цахилгаан станц бие даан Замын-Үүд сумыг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой боллоо.