Цөмийн энергийн комиссоос ЭХЯ-ны харьяа “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ, Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-тай хамтран “Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг MAED программ ашиглан тооцоолох” сэдэвт сургалтыг (2025.05.12-16) зохион байгуулж байна.
Сургалтын эхний шатыг дөрөвдүгээр сард цахимаар орсон бол хоёрдугаар шатыг ийнхүү бодит мэдээлэлд суурилсан практик дасгал хэлбэрээр явуулж байгаа юм. Улмаар 2023 оныг суурь жил болгон авч үзэн Монгол Улсын 2050 он хүртэлх урт хугацааны эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг тооцоолж байна.
Цөмийн энергийн комисс, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ, МУИС-ийн Инженерчлэлийн сургууль болон Цөмийн физикийн судалгааны төв зэрэг байгууллагын 12 оролцогч сургалтад хамрагджээ. Нийт оролцогчид аж үйлдвэр, үйлчилгээ, тээвэр, айл өрх зэрэг 4 үндсэн бүлгээр эрчим хүчний хэрэгцээний өсөлтийг тооцож буй.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Цөмийн эрчим хүчний суурь судалгааг явуулах” зорилтын хүрээнд тус сургалтыг хийж байгаа аж.
ОУАЭА нь гишүүн орнууддаа эрчим хүчний төлөвлөлт хийхэд нь программ хангамжийн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг бөгөөд манай улс 2018 оноос энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна.