-Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг шууд бусаар хязгаарласан салбарын нэгээр эрчим хүчний салбар тодров-
"Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд өнөөдөр (2025.05.09) боллоо.
Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчинд тулгамдаж буй зургаан үндсэн асуудал байгааг ЭЗХЯ-ны зүгээс тодорхойлсон байна. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин (Бусад хуулиар зохицуулж буй гадаадын хөрөнгө оруулалтын хязгаарлалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэл
- Ялгамжтай байдал (Татвар, Ажиллах хүч-квот, төлбөр, Улсын бүртгэл, Виз, оршин суух зөвшөөрөл)
- Маргаан шийдвэрлэлт (Маргаан шийдвэрлэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл)
- Зах зээл (Чөлөөт худалдааны болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрүүд, Худалдааны хуулийн төсөл)
- Зөвшөөрөл (Төрөөс олгох төрөл бүрийн зөвшөөрөл, Цахимжилт, Нэг цонхны үйлчилгээ)
- Дампуурал (Төлбөрийн чадваргүйдэл, Дампуурал) гэж үзсэн байна.
Манай улс сүүлийн үеийн судалгаагаар Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индекс 74/184, Хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал 114/184, Бизнес эрхлэхүй 81/190, Монголын бизнесийн орчны үнэлгээ 2.7/5 гэж үнэлэгдсэн байна.
Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавьсан Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар хэлэхдээ, "Хуулийн төслийн хүрээнд манай улсад хэрэгждэг 41 хуулийг шүүж үзлээ. Ингэхэд хөрөнгө оруулалтыг шууд хориглосон 20, бүрэн хориглоогүй боловч хязгаарласан 11, нэмэлт шаардлагатай 18 хуулийн зохицуулалт, заалт байна. Хязгаарлалтад орсон салбараас хөдөө аж ахуй, эрчим хүч гэсэн хоёр салбарыг онцолж байна. Яагаад гэхээр сүүлийн жилүүдэд энэ хоёр салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ бараг 0 хувьтай. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь зөвхөн дотоодын монопол аж ахуйн нэгжүүд авч явдаг, тэднийг хамгаалсан зохицуулалтыг бий болгосон байна. Төрийн шаардлага оролцоо хэтэрчихсэн. Татаас, зээл, хөнгөлөлттэй зээл, экспорт, импортын квот гэж зүйл байдаг. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт нэг өдөр экспортыг болиулчихдаг. Эсвэл импортын аж ахуйн нэгжүүдийг зогсоочихдог. Ийм эрсдэл байгаа учраас ХАА-н салбарт гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Эрчим хүчний салбар ялгаагүй. Төрөөс борлуулж байгаа үнийг барьчихдаг. Ямар нэгэн либералчлал, үр ашигтай байдлыг хангана гэвэл төрийн аж ахуйн нэгжүүд байдаг учраас монопол байдлаар явж байна. Үүнийг задалъя гэхээр эсэргүүцэлтэй тулдаг" гэв.
Хуулийн төсөлд хуулиар хориглосноос бусад салбарт хөрөнгө оруулалт хийж болохоор тусгасан байна. Хэрэв гадаадын хөрөнгө оруулагч нарт ямарваа хязгаарлалт тавихаар бол УИХ-аар хууль батлуулна. Хуулиар хориглохын тулд Гадаадын хөрөнгө оруулалтын Зөвлөлийн зөвшөөрлөөр өөрчлөлт хийнэ гэж хуулийн төсөлд оруулжээ.
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс хэлэхдээ, "Одоогийн мөрдөгддөг Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан. Хуулийг өөрчлөх болсон нь олон улсын чиг хандлагыг дагаж байгаа хэрэг. Бид нэгэнт хөгжиж буй орон, гадаадын хөрөнгө оруулалтыг түшиглэж эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай учраас ийм төрлийн хууль байх хэрэгтэй. Энэ хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал, баталгаа, хамгаалалтыг өргөжүүлж оруулсан байгаа. Дээр нь төрийн захиргааны байгууллагуудын үүргийг өргөтгөж өгсөн. Тэр дундаа Гадаадын хөрөнгө оруулалтын Зөвлөл гэдгийг шинээр байгуулна. Энэ Зөвлөл нь хөрөнгө оруулалтын доод хэмжээ, босго, салбарын онцлогоос хамааруулан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоох зэрэг үүрэгтэй байхаар тусгасан. Энэ хууль нь өөрөө илүү либерал, хөрөнгө оруулалтыг нээсэн тийм хууль болно гэж үзэж байна.
Дотоодын хөрөнгө оруулагч нарыг орхиогүй, энэ хуульд багтаасан. Тодорхой шаардлага хангасан тохиолдолд тогтворжуулалтын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг авч болохоор тусгагдана. Одоогийн гадаадын хөрөнгө оруулагч нарт дотоодын хөрөнгө оруулагч нарын адилаар таатай нөхцөлийг олгоно гэсэн нөхцөл хуулийн төсөлд байгаа" гэв.
Тус хуулийн төслийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн боловсруулж эхэлсэн байна. Мөн оны 12 дугаар сараас эхлэн хэлэлцүүлэг явуулсан бөгөөд Хаврын чуулган дуусахаас өмнө УИХ-д өргөн барихаар Ажлын хэсэг төлөвлөжээ.