E-Sight
Дулаан алдагдлыг бууруулах шийдлийг танилцуулсан өдөрлөг болж байна

Дулаан алдагдлыг бууруулах шийдлийг танилцуулсан өдөрлөг болж байна

Эрчим хүчний зардлын дийлэнх хувийг дулаанд зарцуулдаг гэх судалгаа бий. Харин айл өрх, албан байгууллагууд дулаан алдагдлаа бууруулбал цахилгаан болон түлшний зарцуулалтыг хэмнэж, агаарын бохирдол тодорхой хэмжээнд багасах давуу талтай. Энэ утгаараа дулаан алдагдлыг бууруулах нь зөвхөн нэг өрхийн биш, улс орны эрчим хүчний хэмнэлт, нийтийн эрүүл мэнд, байгаль орчны чанартай холбоотой асуудал юм. 

Тэгвэл Монгол  Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны санаачилгаар иргэд, олон нийтэд гэр, сууцаа дулаалахын ач холбогдлыг мэдүүлж, цаашлаад шинэ технологи, олон улсын шилдэг практик туршлага, чанар стандартыг хэрхэн нэвтрүүлэх, барилга, орон сууцжуулалтын салбарт авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулах “Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийг (2025.05.04 - 2025.05.07) зохион байгуулж байна. 

Өдөрлөгт барилгын салбарын мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгчид болон энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод болон гадаадын 80 гаруй бизнес эрхлэгчид оролцож, шинээр нэвтрүүлж буй техник технологи, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Мөн энэ онд цахилгаан болон бүх төрлийн хийгээр халдаг зууханд шилжүүлэхээр төлөвлөсөн 51 мянга гаруй айл өрхийн төлөвлөлтийг танилцууллаа.

Түүнчлэн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлээр санхүүжих эх үүсвэрийн банкны системийн шийдэл, шалгуур, иргэд санхүүгийн эх үүсвэртээ тохирсон ногоон зээлийг хэрхэн авах талаар цогц мэдээллийг авах боломжтой аж. Дулаалгын материал худалдан авах зээлийн хувьд зээлийн хэмжээ 50  сая төгрөг хүртэл, зээлийн хүү (жилийн) Харилцагч 6 хувь, БОУАӨЯ 9 хувь, зээлийн хугацаа 30 сар хүртэл юм байна. 
 
Сонгинохайрхан дүүргийн иргэн таван ханатай гэрт амьдардаг бөгөөд гэрийн хана, дээвэрт эрдэс хөвөн, хуванцар сайдинг ашигласнаар дулаан алдагдлаа гурав дахин бууруулсан талаараа хуваалцсан юм. Иргэдийн зүгээс дулаан алдагдлыг бууруулж болох шийдлүүдийг танилцуулж буйд талархалтай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн дулаан алдагдлаа бууруулснаар ирээдүйдээ үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг гэдгийг өдөрлөгт оролцогчид онцоллоо. 

Хүйтэн сэрүүн уур амьсгалд маш тохиромжтой, дулаанаа сайн хадгалдаг, дуу чимээг тусгаарла, байгальд ээлтэй, амьсгалдаг бүтэцтэй, чийг хуримтлагдахгүй, мөөгөнцөр үүсэхгүй гэх мэт  эковата дулаалгын материалын давуу талуудыг энэхүү өдөрлөгөөр танилцуулж байна.