E-Sight
Х.Нямбаатар: Цахилгаан халаалтад шилжсэн айлуудад ₮100 мянгын татаас олгоно

Х.Нямбаатар: Цахилгаан халаалтад шилжсэн айлуудад ₮100 мянгын татаас олгоно

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Өнөөдөр (2025.0319) Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тухай тогтоолыг баталсан байна. Энэ тогтоолын талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ, "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар орчимд 200 мянган айл өрх хатуу түлш хэрэглэж байна. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдлыг үүсгэж байна. Автотээврийн улсын бүртгэлд бүргэлтэй 804 мянган машинаас өдөрт 500-600 мянга нь хөдөлгөөнд оролцож, дээр нь ТЭЦ-2,3,4, Амгалан ДЦС гэсэн ийм эх үүсвэрүүд агаарын бохирдол үүсгэж байгааг ЖАЙКА олон улсын байгууллагын жил бүрийн тайлан судалгаанд гаргасан байгаа. Эдгээрээс 56-аас доошгүй хувийг эзэлж байгаа агаарын бохирдлын гол эх үүсвэр бол 200 мянга гаруй айл өрхүүд бүрдүүлж байна. Өнөөдрийн хуралдаанаас 2025-2026 онд өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 32-50 мянга орчим айл өрхүүдийг хийнд шилжүүлэх тогтоолыг баталлаа.

Ингэхийн тулд дулаалгыг стандартад нийцүүлэх, дулаан алдагдлыг бууруулах, айл өрхүүд хатуу түлшнээс сайн дураар татгалзсан тохиолдолд Нийслэлээс хийн зуухыг байрлуулах, түүнтэй холбоотой аюулгүйн ажиллагааны зааварчилгааг өгнө. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд хийн түлшинд шилжсэн айл өрхөд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгоно. Айлууд дулаан алдагдлын коэффициентыг бууруулсан, стандартын шаардлага хангасан тохиолдолд хийн зууханд шилжүүлнэ.
 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу бүх яамдын чиг үүрэгт агаарын бохирдол бууруулах чиглэл орсон учраас энэ чиг үүргийн дагуу яам тус бүрийг хийн зууханд шилжиж байгаа гэр хорооллын айлуудын бүсчлэлд ажиллуулах тухай мөн тогтоолд тусгасан. Үүнээс гадна Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, төрийн цэргийн байгууллагуудыг оролцуулах, төрийн өмчит компаниудыг мөн оролцуулах тогтоол батлагдсан.

Монгол Улсын одоогийн LPG буюу хийн түлшний хэрэглээ 46 мянган тонн байгаа. 32-50 мянган айлыг шилжүүлэхэд багадаа 100 мянган тонн болно гэж тооцоолж байна. Энэ чиглэлээр хийн бизнес эрхлэгч, импортлогчидтой уулзалт хийгээд, хамтарсан гэрээний төсөлд ажиллаж байна.

Иргэдээс тавьж буй шаардлагад орон сууцжуулах бодлого руу явдаггүй юм уу. Айл өрхүүдийг хийнд шилжүүлэхээр гэж ярьдаг. Бид 1984 оноос хойш нэг ч ДЦС бариагүй. Өөрөөр хэлбэл 41 жилийн хугацаанд. Гэхдээ өнгөрсөн жилээс цахилгаан хангамжийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. 2025-2026 онд шилжих өвөл эрчим хүчний үйлдвэрлэлийг 200 МВт-аар нэмэгдүүлэх ажил яригдаж байна. Зарим бүсчлэл дотор цахилгаан халаалтын системийг хэрэглэе гэж байгаа тохиолдолд мөн адилхан цахилгаан халаалтад шилжүүлэх, халаалтын 8 сард хэрэглээнд нь 100 мянган төгрөгийн татаас олгох журам энд туссан байгаа.

Энэ зургаадугаар сард Улаанбаатарт 2000 орчим орон сууцны төслүүдийг улсын комисс ажиллаж ашиглалтад оруулна. Үүнээс гадна Сэлбэ дэд төвд баригдах 10 мянга гаруй айлын орон сууцны олон улсын нээлттэй тендер зарлагдаад явж байгаа." гэв.