Өнөөдөр (2025.03.12) Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, "Эгийн голын УЦС-ын төсөл 1964 оноос эхлээд яригдсан. ОХУ болон ЮНЕСКО-той тодорхой ойлголцолд хүрдэггүй байсан учраас олон жил гацсан. Өнгөрсөн жил миний бие ОХУ-ын Байгаль, экологийн сайдтай Эгийн голын УЦС-ын хамтарсан ажлын хэсгийг байгуулах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Монголын талаас 7 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Монголын талаас хийж гүйцэтгэх дөрвөн судалгааны ажил, Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ-ийн боловсруулах санхүүжилтийн асуудлыг Засгийн газар баталлаа. Энэ ажлыг шуурхай хийж гүйцэтгэхийг Засгийн газрын холбогдох сайдуудад даалгасан. Төлөвлөгөөний дагуу 2026 оны нэгдүгээр хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн судалгааг эцсийн байдлаар гаргах зорилттой ажиллаж байна." гэв.