Архангай аймгийн Чулуут сумын эмнэлгийн дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэх “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл” хэрэгжиж байна. Уг төслийг Эрчим хүчний яамны захилгаар Японы “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжаар хийж буй юм.
Төслийн хүрээнд эхний ээлжинд эмнэлгийн барилгын дулаан алдагдлын хэмжилтийг 2023-2024 онд хоёр удаа хийж, дулаан алдагдал ихтэй гэсэн үр дүн гарчээ. Тиймээс дулаан алдагдлыг бууруулж C ангилалд хүргэх зорилттой төслийг хэрэгжүүлж байна.
Чулуут сумын эмнэлэг 15 ортой. Жилд давхардсан тоогоор 400-450 хүн хэвтэн эмчлүүлж, 2000-2100 хүн өдрийн эмчилгээ хийлгэдэг байна. Эмнэлгийн барилгын дулааныг нүүрсэн галлагаатай нам даралтын уурын зуухаар хангадаг байсан.
Тэгвэл төслийн хүрээнд 80 кВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 800 кВт.цагийн багтаамжтай, 50 кВт чадалтай батарейн хамт барихаар төлөвлөжээ. Харин дулааны эх үүсгүүрийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй, 90 кВт суурилагдсан хүчин чадалтай агаар-ус технологи бүхий дулааны насос суурилуулахаар төлөвлөжээ.
Гүйцэтгэгчтэй гэрээ (2025.02.24) байгуулсан бөгөөд 180 хоногт багтаан төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байна. Дараагийн ээлжинд Сүхбаатар аймгийн Наран суманд уг төслийг хэрэгжүүлэх аж.