Литва, Латви болон Эстони улс эрчим хүчний системээ ОХУ-тай нэгдсэн сүлжээнээс бүрэн (2025.02.08) салгаад байна. Тус гурван улс олон жилийн турш Оросоос цахилгаан эрчим хүч худалдаж аваагүй ч одоог хүртэл Оросын IPS/UPS системд ажиллаж, давтамжийг нь Москвагаас төвлөрсөн байдлаар зохицуулдаг байжээ. Балтын эдгээр орнууд ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш 34 жилийн дараа Орос, Беларусийг холбосон цахилгааны сүлжээнээс гарч, Европын Холбооны эрчим хүчний сүлжээнд холбогдож томоохон алхмыг хийлээ гэж ажиглагчид онцолж байна.
Салгасны дараа цахилгааны системийн бие даасан ажиллагааг шалгах туршилт ням гаригт (2025.02.09) хийгджээ. Энэхүү туршилтын үеэр Балтын гурван орны эрчим хүчний операторууд (Litgrid, AST, Elering) системийн давтамжийг бие даан удирдаж шалгасан байна.
Эрчим хүчний системийн бие даасан ажиллагааны туршилт дууссаны дараа ням гаригийн үдээс хойш гурван улс LitPol Link холбогчоор дамжуулан Польш болон Европ тивийн бүх синхрон бүстэй холбогдсон байна. Ингээд Оросын цахилгаан дамжуулах шугамыг биечлэн буулгах ажил эхэлж буй аж.
Балтын гурван орны эрчим хүчний операторууд 2007 онд Европын сүлжээнд нэгдэх хүсэлтээ гаргаж байжээ. Бараг 20 жил бэлтгэсний эцэст ийнхүү Оросын эрчим хүчний системээс бүрэн саллаа.