E-Sight
Улсын хэмжээнд 73 хэрэглэгчийн тархмал эх үүсвэр түгээх сүлжээнд холбогдсон

Улсын хэмжээнд 73 хэрэглэгчийн тархмал эх үүсвэр түгээх сүлжээнд холбогдсон

“Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг (2025.01.14) Эрчим хүчний реформын үндэсний хорооноос зохион байгууллаа. 

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэг “Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлнэ” гэж заасан. Тухайлбал, “Монгол Улс 2600 ГВт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болохыг судалгаагаар тогтоосон. Шинээр эх үүсвэрүүдийг бий болгох замаар өсөн нэмэгдэж байгаа дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, экспортлох боломжтой” гэж тодорхойлсон.   

Тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөлтэй холбоотойгоор зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлгээр үндсэн хоёр асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт, тархмал эх үүсвэртэй холбоотой асуудлуудыг “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ын хэрэгжилт.  Хоёрдугаарт, хэрэглэгчийн хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчний тарифын асуудал болон шинэчилсэн байдлаар тогтоох тарифын тухай хэлэлцэж, санал бодлоо солилцсон юм.  

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 73 хэрэглэгчийн 1.3 МВт чадлын тархмал эх үүсвэр түгээх сүлжээнд албан ёсоор холбогдсон байна. Хэлэлцүүлэгт оролцогчид дараах байр суурийг илэрхийллээ. Үүнд:

  • Тархмал эх үүсвэрийг яг ямар байдлаар дэмжих гэж байгаагаа тодорхой болгох;
  • Хуримтлууртай тархмал эх үүсвэр хөгжүүлэхэд анхаарах нь импортын эрчим хүчийг бууруулах, гадаад валютын урсгалыг зогсоох давуу талтай;
  • Алсын хараа-2050 болон СЭХ-ийг дэмжих олон улсан хүлээсэн үүргээ биелүүлэхэд тархмал эх үүсвэрийн үнэ тариф чухал нөлөөтэй;
  • Тарифын өөрчлөлт болон тооцоогоо жилдээ дор хаяж хоёр удаа хийх;
  • Тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зорилгоо тодорхой болгох хэрэгтэй;
  • Асуудалтайгаа нүүр тулж, зоригтойгоор дүрэм журмаа өөрчлөх;
  • Импортын цахилгаанаас бага үнэтэй тариф тогтоох нь тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зорилтын эсрэг үйл ажиллагаа;
  • Хэрэглэгч өөрийн хэрэглээг хангах эсвэл сүлжээнд нийлүүлээд ашиг олдог түвшинд хөгжүүлэх үү гэдэг дээр ойлголтоо нэгтгэх, тодорхой болгох;
  • Тархмал эх үүсвэрийн талаар иргэдийг мэдээлэлжүүлэх. 

Хэлэлцүүлгээс гарсан эдгээр санал, санаачилгуудыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх юм.