Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 352.6 сая кВт.цагт хүрч, үүний 294.9 сая кВт.цагийг ОХУ болон БНХАУ-аас импортоор авч байна.
Тэгвэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Ховд голын Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС)-ын төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд тус бүр 22.5 МВт хүчин чадалтай дөрвөн агрегат бүхий усан цахилгаан станц барьж байгуулах аж. Нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай УЦС барих төслийн өртөг 266.4 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байна.
Төслийн хүрээнд нийт 30 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн бол аравдугаар сарын 18-ны байдлаар, нийт гүйцэтгэл 40 хувьд хүрчээ. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 225 ажилтан, орон нутгийн 250 иргэн тус тус ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд 49.8 км ашиглалтын авто зам, Ховд гол дээрх хоёр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмаг, хайрга боловсруулах үйлдвэр, лаборатори, агуулах, засварын цехийн барилгын ажлыг бүрэн дуусгажээ. Үндсэн байгууламжийн ажлаас голдирол зайлуулах туннелийн гүйцэтгэл 90 хувь, станцын барилгын суурийн ухлага 50 хувь, ус дамжуулах үндсэн туннель 47.11 хувь, ус хаях суваг 40 хувь, станцын барилгын суурийн ажил 12 хувийн гүйцэтгэлтэй байна.
2030 онд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор жилд дунджаар 366.8 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой. Улмаар дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм.

