Дэлхийд тэргүүлэгч Хуавей компанийн Монгол дахь оффис “Ногоон эрчим хүч 2026” үйл ажиллагааг “Нарны туяа бүрийг бүрэн ашиглая” уриан дор (2026.09.10) зохион байгууллаа. Ногоон эрчим хүчний шилжилтэд түүчээлэгч харилцагч болон түнш компаниудаа нэгэн дээвэр дор нэгтгэн дэлхий дахинаа нээлтээ хийж буй шинэ бүтээгдэхүүн, технологиудаа албан ёсоор Монгол Улсад танилцуулсан юм.
Эрчим хүчний салбарын тулгамдаж буй сорилтууд, тэдгээрийг дэвшилтэт технологиор шийдэх олон боломж, шийдлийн талаар цогц мэдээллийг хүргэснээрээ онцлог болов. Тухайлбал, Хуавей өөрсдийн нарны эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур, их чадлын нарны цахилгаан станцын ухаалаг шийдэл, ногоон эрчим хүчээр ажиллах дата төвийн ирээдүйн чиг хандлага, эрэлт хэрэгцээ болон ухаалаг цахилгаан машин цэнэглэгчийн шийдлийг онцоллоо.
Хуавей компанийн нарны систем дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн бол инвертер нь бие даан сүлжээ үүсгэх боломжтойгоороо давуу талтай аж. Үүгээр зогсохгүй инвертертээ шингэн хөргүүрийн хосолсон системийг нэвтрүүлсэн төдийгүй +50 градус халуун, -35 градус хүйтэнд ажиллахаар туршигдсан байна.
Харин цахилгаан тээврийн хэрэгслийн тухайд гэвэл, том оврын, хүнд машин механизмын зах зээлд өрсөлдөхийг эрмэлзэж буй гэнэ. Энэ чиглэлд гэхэд 1000 км зайд цахилгаан машинаар тээвэр хийх туршилтыг амжилттай хийжээ.
Хуавей компанийн байгууллагын болон эрчим хүчний бизнес хариуцсан захирал Г.Мөнхбат “Бид их чадлын дөрвөн нарны цахилгаан станцыг Монгол Улсдаа амжилттай ашиглалтад орууллаа. Энэ нь жишиг төсөл болж чадсан гэж харж байна. Анх 4-5 жилийн өмнө уул уурхайн болон хүнд үйлдвэрийн салбарынхантай уулзахад нарны цахилгаан станц энэ тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж чадахгүй гэдэг бодолтой байсан. Монголын алт (МАК) компанийн захиалгаар хийсэн дөрвөн нарны цахилгаан станц ашиглалтад орсноор нэлээд уул уурхайн үйлдвэр компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.” гэдгийг онцлон хэллээ.
Түүнчлэн энэхүү шийдлүүдийг амжилттай нэвтрүүлсэн Хуавей компанийн гадаад, дотоодын харилцагчид төслийн танилцуулга хийсэн. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар үр дүнд хүргэж байгааг харуулсан сайн жишиг, итгэл төрүүлэх бодит түүхүүдээ хуваалцсан юм. Эдгээр компаниудаас “МАК энержи” компани, “Премиум нексус” компани, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг дурдаж болно.
Мөн харилцан ашигтай, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, цаашдын бизнесийн стратегиа уялдуулах зорилгоор Хуавей компани “Шунхлай групп”, “Монложистик холдинг”, “Нью прогресс групп”, “Степпе Линк холдинг”-той “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.
Хуавей компанийн Монгол дахь оффисын хамт олон буюу зохион байгуулагчдын зүгээс ирээдүйдээ өвлөн үлдээх ногоон хөгжлийн талаар хамтдаа хэлэлцэж, дэлхийд тэргүүлэгч ногоон эрчим хүчний салбарын хамгийн сүүлийн үеийн инновац, шийдлүүдтэй танилцсан чухал арга хэмжээ боллоо хэмээн тодотгов.
Дашрамд дурдахад, Хуавей компани MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалтын үзэсгэлэнгийн танхимын 428 дугаар павильонд ухаалаг уул уурхайн ногоон эрчим хүчний шийдэл, уурхайн жолоочгүй технологийг (2026.09.16-18) танилцуулна.
