Хятадын нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал анх удаа нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлаас давжээ. Ингэснээр тус улсын эрчим хүчний бүтцэд түүхэн өөрчлөлт гарч, эрчим хүчний шилжилтийн илүү сорилттой “хоёрдугаар хагас” эхэлж байгааг мэдээллээ. БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний газрын (NEA) есдүгээр сарын 1-нд нийтэлсэн мэдээллээр, энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар тус улсын нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1.286 ТВт хүрч, нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн 1.285 ТВт хүчин чадлыг давжээ. Улмаар нарны эрчим хүч Хятадын хамгийн том суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн эх үүсвэр болоод байна. Тухайн сарын эцсийн үзүүлэлтээр, Хятадын нийт суурилагдсан цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадлын 31.5 хувийг нарны эрчим хүч бүрдүүлжээ.
Гэсэн хэдий ч Хятадын нүүрсний цахилгаан станцууд нийт цахилгаан үйлдвэрлэлийн ойролцоогоор 60 хувийг, оргил ачааллын үеийн цахилгаан хангамжийн хүчин чадлын 70 хувийг, эрчим хүчний системийн зохицуулалтын үүргийн 80 хувийг гүйцэтгэж байна. Иймээс нүүрсний цахилгаан станцууд нь цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангах гол тулгуур хэвээр байна.

Тус улс газрын тосны нөөцөөр хомс, байгалийн хийн нөөцөөр харьцангуй бага боловч нүүрсний баялаг нөөцтэй. Тиймээс Хятадын эдийн засгийн хурдацтай өсөлтийг олон жилийн турш цахилгаан эрчим хүчээр хангаж ирсэн үндсэн эх үүсвэр нүүрс байсаар ирсэн. Тэгвэл энэ жилийн түүхэн өөрчлөлт нь “нүүрсний эрин дууссан” бус, харин Хятадын цахилгаан үйлдвэрлэлийн эх үүсвэрүүдийн үүрэг дахин хуваарилагдаж, харилцан уялдаатай ажиллах шинэ бүтэц бүрдэж байгааг шинжээчид онцолжээ. Нүүрсний цахилгаан станцууд үндсэн цахилгаан үйлдвэрлэгчийн үүргээс уян хатан ажиллагаа, системийн зохицуулалтын үүрэг рүү шилжиж байгаа гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл оргил үедээ хүрэхэд нүүрсний станцууд үйлдвэрлэлээ бууруулж, харин эрэлт огцом нэмэгдэх болон цаг агаарын эрс тэс нөхцөл үүсэх үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар системийг тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөөнд, сэргээгдэх эрчим хүчний хөгжил 2030 он гэхэд салхи болон нарны эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадлыг дор хаяж 3.6 ТВт хүргэх зорилт туссан. Энэ хүрээнд шинээр баригдах нарны цахилгаан станцуудыг эрчим хүч хуримтлуулах систем болон ухаалаг диспетчерийн удирдлагын чадавхтай байхаар төлөвлөж байна.
