
“Ханбогд кашимер” ХХК болон Монхорус Солар ХХК хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний жишиг төслийг танилцуулах нээлтийн арга хэмжээ (2026.08.27) болжээ. Төслийн хүрээнд Ханбогд кашимер үйлдвэрт 179 кВт-ын нарны хавтан, 215 кВт.цаг-ын батарей суурилсан нь жилд 250 мянган.кВт буюу 71.3 сая төгрөгийн цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрийн хэрэглээний 40 хувийг хангах чадал юм. Ингэж ноолуурын үйлдвэрлэлд нарны эрчим хүчний системийг үе шаттайгаар нэвтрүүлж, 2025 онд HUAWEI компанийн өндөр хүчин чадал бүхий батарей хураагуурын системийг суурилуулснаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ шинэ түвшинд хүргэсэн байна.

Жишиг төслийг танилцуулах арга хэмжээгээр HUAWEI компанийн төлөөлөгчид, Монхорус Группийн удирдлагууд оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр “Ханбогд кашимер” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Монгол Улсын ноолуурын салбарт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодитоор нэвтрүүлсэн жишиг шийдэл төдийгүй үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийн үлгэр жишээ төсөл гэж салбарын мэргэжилтнүүд тодорхойлж байна.
