COP-17 хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Найдалаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис болон холбогдох төлөөлөлтэй (2026.08.24) уулзалт хийжээ. Монголын эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай ижил бэрхшээлүүд ИБУИНХУ-д байгааг хатагтай Рут Дэвис дурдан, Монгол Улс стратегийн түвшинд хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүд, сэргээгдэх эрчим хүчний анхны аукционыг амжилттай зохион байгуулсан туршлага, ногоон шилжилт хийхэд хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар сонирхсон байна.
Монгол Улсын Эрчим хүчний яамнаас “Эрчим хүчний шилжилтийн стратеги 2026-2050” баримт бичгийн төслийг олон нийт, хөрөнгө оруулагчдад танилцуулсныг салбарын сайд онцолжээ. Нүүрс, нар, салхины арвин нөөцөө ашиглан дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна бүс нутгийн хэмжээнд тоглогч болж, эрчим хүч экспортлох амбицтай ажиллаж байгааг тэрээр тодотгосон байна.
Хоёр улсын эрчим хүчний салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахаар талууд санал нэгджээ.
