Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн эх үүсвэрээр эрчим хүчний салбарт нийт 13 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт санхүүжилт 864.75 сая ам.доллар бөгөөд үүнээс 814.85 сая ам.доллар нь зээл, 49.9 сая ам.доллар нь тусламжийнх байгаа юм.
Хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг дурдвал:
- Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл
- Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээт, 220.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын төсөл
- Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл
- Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл
- Багануур-Чойрын 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл (ЭХ-3)
- Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт, 287 км цахилгаан дамжуулах агаарын шугамын төсөл (ЭХ-4)
- Найдвартай ажиллагааг хангах төсөл (ЭХ-5)
- Дарханы батарей хуримтлуурын төсөл
- 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл
- Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл
- Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл
Төслүүдийн хэрэгжилтийн явцыг авч үзвэл есөн төсөл идэвхтэй хэрэгжиж байгаа бол гурав нь хэрэгжиж эхлээгүй, нэг төсөл бүрэн дууссан байна.
Санхүүжилтийн эх үүсвэрээр нь авч үзвэл БНХАУ-ын Эксим банк 416.4 сая ам.доллар, Дэлхийн банк 169.1 сая ам.доллар, Азийн хөгжлийн банк 165.6 сая ам.доллар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) 79.9 сая ам.доллар, KfW 20.45 сая ам.доллар, JICS 13.3 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Ийнхүү гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжиж буй төслүүд нь эрчим хүчний дэд бүтцийг өргөтгөх, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөх, дулаан хангамжийн үр ашгийг сайжруулах чиглэлд төвлөрч байгаа юм.
