Сумдын цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчмийн чанарыг сайжруулах, алдагдлыг бууруулах, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдалтыг бууруулах зорилгоор тархмал нар, батарейн хосолмол систем бүхий багц төслүүдийг аукционоор сонгон шалгаруулахаар Эрчим хүчний яамнаас төлөвлөж байна.
Багц I – Хангайн бүсийн нийт 8 суманд 16 МВт-ын нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 8 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);
Багц II – Хойд бүсийн нийт 5 суманд 12 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 5 МВт / 12 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);
Багц III – Баруун бүсийн нийт 8 суманд 16 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 7.5 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV).
Эдгээр төсөлд нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуурын систем, нэгдсэн хяналт, удирдлага болон хамгаалалтын систем, сүлжээний холболтын байгууламжууд багтжээ.
Энэхүү аукционд зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй дотоодын хуулийн этгээдүүд сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлэх юм байна. Сонирхол илэрхийлэх хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар) хүлээж авна.
