
Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300 МВт хүчин чадалтай цахилгаан станцыг "Монголын Алт" (МАК) барихаар өнөөдөр (2026.07.03) шав тавилаа. Энэ нь МАК компанийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн анхны эрчим хүчний төсөл юм. Үйлдвэр, уурхайнуудыг найдвартай эрчим хүчээр хангахын зэрэгцээ улсын эрчим хүчний системд шинэ эх үүсвэр бий болгохоор зорьж байна.
Тус станцын үйлдвэрлэх нийт цахилгаан эрчим хүчний 38 хувийг Цагаан суваргын төслийн хэрэгцээнд ашиглаж, үлдсэн 62 орчим хувийг Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах боломж нэмэгдэж, импортын хамаарлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж компани үзэж байна.
МАК компани аж үйлдвэрийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх бодлогынхоо хүрээнд үйлдвэрлэлийн томоохон төслүүдээ дагасан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг үе шаттайгаар байгуулж байгаагийн нэг нь энэхүү цахилгаан станц юм. Шинээр баригдах станц нь орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдож, байгаль орчны стандартыг өндөр түвшинд хангах аж. Агаар мандалд ялгарах тоосонцор, хорт хийн хэмжээг Европын Холбооны EU 2010/75 стандартын шаардлагад нийцүүлэн бууруулах технологийг ашиглахын зэрэгцээ усны хэрэглээ багатай системийг нэвтрүүлэх аж. Мөн нүүрс шаталтын явцад үүсэх дэгдэмхий үнсийг дэвшилтэт уутат шүүлтүүрээр 99 хүртэлх хувийг шүүн цуглуулж, түүнийг МАК Евро Цемент болон МАК Конкрит бетон зуурмагийн үйлдвэрүүдийн түүхий эд болгон ашиглана.
Цахилгаан станцын барилга угсралтын ажил 2026 онд эхлэх бөгөөд эхний блокыг 2028 оны дөрөвдүгээр улиралд, хоёрдугаар блокыг 2029 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг "МАК Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Золбилэг танилцууллаа. Станц ашиглалтад орсноор орон нутагт 300 орчим байнгын ажлын байр бий болж, Баянжаргалан суманд ажилтан, инженерүүдийн амьдрах суурьшлын бүс байгуулан бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр онцолсон.
