E-Sight
БНСУ-д дэлхийн хамгийн том СЭХ-ний платформ байгуулна

БНСУ-д дэлхийн хамгийн том СЭХ-ний платформ байгуулна

Америкийн хөрөнгө оруулалттай “KKR” компани Өмнөд Солонгосын “SK” групптэй хамтран 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй, дэлхийн хамгийн томд тооцогдох сэргээгдэх эрчим хүчний компанийг БНСУ-д байгуулахаар болжээ. Энэхүү компани нь хиймэл оюун ухааны дата төвүүд болон хагас дамжуулагчийн үйлдвэрүүдийн өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой юм. 

Тус компанид “SK” группийн нарны болон салхины цахилгаан станц, түлшний элементийн төслүүдийг нэгтгэх юм байна. Түүнчлэн эхний ээлжид 1.7 ГВт хүчин чадалтай төслүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цаашид хэрэгжүүлэх төслүүдээ бүрэн ашиглалтад оруулснаар нийт хүчин чадлаа 10 ГВт хүргэх боломжтой аж. Энэ нь томоохон хэмжээний 100 дата төвийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадалтай тэнцэнэ гэж тооцоолж байгаа юм.

Хамтарсан компанийн 51 хувийг “KKR” эзэмших бол үлдсэн 49 хувийг “SK” групп эзэмшихээр болжээ. Энэ оны сүүлээр компани албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх юм байна. Компани төслүүдээ хөдөлгөж эхэлснээр БНСУ-д төдийгүй дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдолтой байх юм. 

Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад