Дэлхий даяар жил бүрийн зургаадугаар сарын 23-нд Олон улсын эмэгтэй инженерүүдийн өдрийг тэмдэглэдэг. Энэ нь эмэгтэй инженерүүдийн ололт амжилтыг үнэлж, инженерийн салбарт жендэрийн олон янз байдлыг дэмжих зорилготой.
Эмэгтэй инженерүүдийн нийгэмлэгээс 2026 оны уриаг “Engineering Intelligence” буюу “Инженерийн оюун ухаан – мэдлэг, ур чадвар, манлайлал” хэмээн тодорхойлсон. Ийн эмэгтэй инженерүүдийн мэргэжлийн өндөр мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, шүүн тунгаах чадвар, инновац болон манлайллын үнэт хувь нэмрийг онцлон алдаршуулах зорилготойгоор 13 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тэгвэл 2026 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарын нийт ажиллагсдын 28 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Хэдийгээр эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа ч жендэрийн тэгш байдалтай холбоотой зарим асуудал хэвээр байна. Энэ салбарт эмэгтэй ажилчдын ихэнх нь гүйцэтгэх болон дунд шатанд техникийн ажил хийж байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшний албан тушаалд ажиллах боломж харьцангуй бага байгаа аж.
Түүнчлэн ижил түвшний албан тушаал, ижил ур чадвартай эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын хувьд карьерын өсөлт, урамшуулал болон төслийн оролцооны боломж зарим тохиолдолд тэгш бус байх нөхцөл ч ажиглагддаг. Үүний улмаас эмэгтэй ажилтнуудын албан тушаал ахих боломж харьцангуй бага байна. Энэ нь тэдний орлогын өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг салбарын эмэгтэйчүүд онцолдог.
Монгол Улсад инженерийн мэргэжлийг сонгон суралцах эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байна. Тухайлбал, эрчим хүч, цахилгаан хангамж, автоматжуулалт, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг техникийн чиглэлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудын эзлэх хувь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж, инженерийн салбарт хувь нэмэр оруулах шинэ боломжийг бүрдүүлж байна.
Их, дээд сургуулиудын хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн (STEM) боловсролыг дэмжих хөтөлбөрүүд, дадлагажуулах төсөл, олон улсын хамтын ажиллагааны үр дүнд охид, эмэгтэйчүүд инженерийн мэргэжлийг сонгох сонирхол нэмэгдэж байгаа юм. Тэд зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна эрчим хүчний үйлдвэр, цахилгаан станц, түгээх сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дадлага хийж, бодит ажлын туршлага хуримтлуулж байна.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн I дамжааны оюутан Г.Маргад
