Монголын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хамгийн том эрчим хүчний төслүүдийн нэг болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр манай сэтгүүлийн тавдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа нэгэн чухал тоо дурдсан юм. Тэрээр “Бүх блок ашиглалтад орж, 600 МВт хүчин чадалд хүрэхэд станц жилдээ 4.5 тэрбум гаруй кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, системд нийлүүлнэ” гэдгээ онцолсон байв.
Энэ тоо эрчим хүчний хувьд үйлдвэрлэлийн хэмжээг илэрхийлж байгаа ч эдийн засгийн өнцгөөс нь харвал өөр асуулт урган гарч ирнэ. Жилд 4.5 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэдэг станц ямар хэмжээний мөнгөн урсгал бий болгох вэ?
Нэг кВт.цаг цахилгааныг дунджаар 8 ам.долларын центээр борлуулна гэж тооцвол Бөөрөлжүүт жилд ойролцоогоор 360 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой байна. Мэдээж энэ нь цэвэр ашиг биш бөгөөд ажилчдын цалин, татвар хураамж, үйл ажиллагааны болон зээл санхүүжилтийн зардлууд хасагдана.
Гол нь үлдэж буй өгөөж нь Монголынхоо эдийн засагт үлдэнэ. Монголын компани эзэмшиж байгаа учраас тэр мөнгөөр дахин хөрөнгө оруулалт хийнэ, шинэ үйлдвэр байгуулна, шинэ эх үүсвэр барина, ажлын байр бий болгоно, эсвэл өөр салбарт хөрөнгө оруулалт болж эргэлдэнэ. Аль нэг улсад очиж үйлдвэр барихгүй л бол үр өгөөж нь улсынхаа эдийн засагт шингэж, шинэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно гэсэн үг.
Харин гаднын хөрөнгө оруулагчийн эзэмшилтэй бол байдал өөр. Үйл ажиллагааны зайлшгүй зардлууд Монголд үлдэх ч хөрөнгө оруулалтын өгөөж үндсэндээ жил болгон гадагш урсана. Ганцхан станц дээр ийм байхад Бөөрөлжүүттэй дүйцэх хэмжээний гурван цахилгаан станц гадны эзэмшилтэй хэрэгжлээ гээд төсөөлөөд үзье. Тэгвэл жил бүр нэг тэрбум ам.долларын мөнгөн урсгал Монголын эдийн засгаас гадагш чиглэх талтай юм.
Эрчим хүчний төсөл гэдэг нэг удаагийн худалдан авалт хийгээд, нэг барилга бариад дуусдаг бизнес биш. Нэгэнт ашиглалтад орсон бол 25-30 жилийн турш тасралтгүй мөнгөн урсгал бий болгодог тул үнэ цэнийг нь зөвхөн өнөөдрийн орлогоор хэмжих өрөөсгөл юм. Тиймээс энэ салбарт эзэмшил өмчлөлийн бүтэц, хөрөнгө оруулалтын гарал үүсэл онцгой ач холбогдолтой. Зээл төлсний дараах мөнгөн урсгал хаана үлдэх вэ гэдгийг зайлшгүй бодох ёстой юм.
Үүнийг хөндөхийн учир нь Монгол Улс 2026 оны зургаадугаар сарын 18-нд анх удаа сэргээгдэх эрчим хүчний таван төслийн Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг (IPP) аукционоор сонгон шалгаруулах гэж байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд зарласан эдгээр төслийг хэрэгжүүлэх сонирхлоо дотоод, гадаадын 115 компани илэрхийлжээ. Үүний 54 нь Монголын компани байна. Энэ нь сонирхол өндөр байгааг харуулаад зогсохгүй Монголын компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, өрсөлдөх хэмжээнд хүрснийг илтгэж буй үзүүлэлт юм. Гэхдээ сонирхолтой байх нэг хэрэг. Харин өрсөлдөөд шалгарч чадах уу гэвэл шал өөр асуудал билээ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт том төсөл хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө Монголд байхгүй, заавал гаднын хөрөнгө оруулагч хэрэгтэй гэсэн ойлголт олон жил давамгайлж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ ойлголтыг эвдсэн хэд хэдэн төсөл бий болоод байна. Түүний нэг тод жишээ нь “Солар Повер Монголиа” компанийн хэрэгжүүлсэн “Эрдэнэнар” юм. Энэ төсөл Монголын хувийн хэвшил сэргээгдэх эрчим хүчний төслийг өөрийн хөрөнгө болон дотоодын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болдгийг харуулсан анхны туршлага болсон. Санхүүжилтийн гол эх үүсвэрийг Хаан банк гаргасан бол бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд гүйцэтгэсэн. Төслийн нэг онцлог нь үе шаттайгаар хөгжүүлж, эхний хүчин чадлаа ашиглалтад оруулаад, борлуулалтын орлого бий болгосны дараа дараагийн шатны хөрөнгө оруулалтаа босгож, батарей хуримтлуурын системээ байгуулсанд юм. Энэ нь төслийн хөгжүүлэлт цаг хугацаа болон санхүүгийн зөв бүтэцтэй бол Монголын компаниуд дотоодынхоо санхүүгийн системээс санхүүжилт босгон, сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөгжүүлэх чадамжтай болсныг нотлон харуулсан жишээ болоод байна.
Тэгвэл удахгүй болох аукционоор энэ чадварыг өрсөлдөх боломж болгон хувиргаж чадах болов уу. Харамсалтай нь дээрхээс яг эсрэг нөхцөл тавьсан тул цаг хугацаа, үнэ өртгийн хувьд Монголын компаниудад боломж маш хязгаарлагдмал байхаар байна.
Дотоодын компаниуд аукционд оролцохгүй байх магадлал өндөр
Эрчим хүчний яамны тайлбарлаж буйгаар, анхны аукционы гол зорилго бол өвлийн оргил ачааллаас өмнө шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах. Тиймээс урт хугацааны хоёр үе шаттай сонгон шалгаруулалт бус, богино хугацаанд хамгийн бага үнэ тодруулах дуудлага худалдааны загварыг сонгожээ. Нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий таван төслийн дөрөв нь 50 МВт, нэг нь 20 МВт хүчин чадалтай. Ашиглалтад орвол Монголын хамгийн том нарны эх үүсвэрүүд болно.
Одоогийн аукционоор нэг дор 50 МВт хүчин чадалтай, батарей хуримтлууртай төслүүдийг таван сарын дотор ашиглалтад оруулах нөхцөл тавьсан нь дотоодын компаниудын хувьд маш том эрсдэл юм. Санхүүжилтээ шийдвэрлэх, зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, туршилт тохируулга, сүлжээний холболт зэргийг таван сарын дотор багтааж амжихгүй бол торгууль төлнө, гэрээний хариуцлага хүлээнэ. Цаашлаад буруутнаар цоллогдож, элдвээр баалуулах магадлал өндөр.
Хоёрт, аукцион нь хамгийн бага үнэ санал болгосон оролцогчийг сонгох механизм тул үйлдвэрлэлийн суурь хүчин чадалтай орнууд өртгийн хувьд илт давуу талтай. Өнөөдөр нарны панель, инвертер, батарей хуримтлуурын үйлдвэрлэлийн төв нь БНХАУ болчихлоо. Үүний зэрэгцээ, салбарынхны хэлж буйгаар панель, инвертер, батарейн үйлдвэрлэлийн захиалга олон улсын хэмжээнд ачаалалтай байгаа бөгөөд зарим үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн хугацааг нэг жил хүртэл хойшлуулж байгаа аж. Эндээс Монгол компаниудын хамгийн том сул тал үүсэж байгаа юм. Хятадын компаниудын хувьд үйлдвэрлэгчтэйгээ шууд ажиллаж, богино хугацаанд нийлүүлэлтээ баталгаажуулах, үнийн хэлэлцээр хийх боломж бусдаасаа хавьгүй илүү байна.
Нөгөө талаар геополитикийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн сүлжээний саатал, хагас дамжуулагч болон эрчим хүчний электроникийн зах зээлийн савлагаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх хандлагатай байна. Зарим үйлдвэрлэгчид Монгол талын харилцагчдадаа аль хэдийнэ үнэ нэмэх мэдэгдлээ ирүүлээд эхэлжээ.
Ийм нөхцөлд дотоодын боломжтой компаниудын ихэнх нь хамгийн бага үнэ санал болгож өрсөлдөхөөс илүүтэйгээр өөрсдийн хөрөнгө санхүү, нэр хүндээ эрсдэлд оруулахгүйн тулд өндөр үнэ хэлэх, эсвэл бүр оролцохгүй байх сонголт хийж магадгүй юм.
Нэг центийн төлөөх өрсөлдөөн үү, тэрбум долларын сонголт уу?
Өнөөдөр манай улсад ажиллаж буй нарны цахилгаан станцуудын ихэнх нь 15-18 ам.долларын центийн тарифтай ажиллаж байгаа бол аукционд оролцогчдын дээд үнийн хязгаарыг 10 центээр тогтоожээ. Төрийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний өртгийг бууруулахыг зорьж буйн илэрхийлэл нь энэ үнэ болж байна.
Гэвч зах зээлийн оролцогчид ашиг олохын төлөө ажиллах нь зүйн хэрэг. Монголынх байна уу, гаднын компани байна уу, ялгаагүй. Ялгаа нь харин мөнгө босгох нөхцөл дээр гарна. Тэгвэл Монголын компаниудын босгож байгаа зээлийн хүү, санхүүжилтын зардал, төслийн эрсдэлийн үнэлгээ бүгд өндөр. Харин олон улсын томоохон хөрөнгө оруулагчид болон үйлдвэрлэгч орнуудын компаниуд хамаагүй хямд эх үүсвэрээс хөрөнгө босгох боломжтой.
Аукционы мөн чанар нь хамгийн бага үнэ санал олгосон оролцогчийг дэмждэг тогтолцоо. Монголын компани тодорхой түвшнээс доош үнэ буулгах боломжгүй болсон мөчид төслийн санхүүжилтийн зардал багатай хөрөнгийн эх үүсвэр бүхий гаднын компани ердөө 0.05 центээр доогуур үнэ санал болгоход л шалгарах нөхцөл бүрдэнэ.
Гэвч тэр 0.05 центийн ард өөр нэг тооцоо бий. Энэ удаагийн таван төслийн эзэмшил гадаадын хөрөнгө оруулагчдад төвлөрвөл 8 центээр бодоход л жил бүр 30-35 сая ам.долларын өгөөж Монголын эдийн засгаас гадагшлах болно. Энэ нь нэг жилийн хувьд төдийлөн том гэж харагдахгүй байж болох ч 30 жилээр тооцвол нэг тэрбум ам.долларын мөнгөн урсгал юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсад хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн Монгол талын эзэмшил дийлэнхдээ 10 орчим хувиас хэтэрч байгаагүй. Энэ нь Монголд эрчим хүч үйлдвэрлэгдэж байгаа ч хөрөнгө оруулалтын өгөөжийн дийлэнх нь Монголын эдийн засагт үлдээгүй байж болохын илэрхийлэл юм.
Тиймээс энэ аукцион манай улсын хувьд өнөөдөр хэрэглэгчийн төлөх тарифыг хагас центээр бууруулах нь чухал уу, эсвэл дараагийн 30 жилийн турш Монголын эдийн засгаас жил бүр гадагш урсах 1 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх нь чухал уу гэдэг сонголтын өмнө биднийг авчирч байна.
Анхны аукционоос авах сургамж
Энэ нийтлэлээр аукционыг буруутгах, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтыг үгүйсгэх гэсэнгүй.
Засгийн газар, Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй бодлогын чиглэлийн хуььд маш зөв. Нар, салхины эрчим хүчний төслүүдийг хаалттай хэлэлцээрээр бус өрсөлдөөний зарчмаар сонгох нь зах зээлийн зөв тогтолцоо төдийгүй салбарын хувьд томоохон дэвшил. Хамгийн бага үнээр цахилгаан нийлүүлэх хөрөнгө оруулагч шалгарна. Ил тод байдал нэмэгдэнэ. Ирээдүйд ч гэрээ, тариф тойрсон маргаан багасна. Хөрөнгө оруулагчдад ч ойлгомжтой дохио болно.
Гол асуудал нь эрчим хүчний салбарт дөнгөж өсөн өндийж байгаа дотоодын компаниуддаа өрсөлдөх бодит боломж олгож байгаа эсэхээ бодолцоосой гэсний юм. Өмнө дурдсан 30-35 сая ам.долларын тооцоо нь Бөөрөлжүүтийн жишгээр таван төсөл дээр ойролцоогоор гаргасан дүн юм. Цаашид сум, суурин газруудад хэрэгжих тархмал эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслүүдэд анхны аукционых шиг нөхцөлүүдийг тавьсаар байвал өрсөлдөөний талбар аажмаар зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдад илүү боломжтой болж, дотоодын компаниуд шахагдах эрсдэл үүснэ.
Учир нь энэ таван төсөл бол зөвхөн эхлэл. Үүний дараа баруун, зүүн болон говийн бүсийн томоохон төслүүд, сумдын тархмал эх үүсвэрүүдийн аукционууд цувран зарлагдах төлөвтэй. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн зах зээл ирэх жилүүдэд хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх том орон зай болон тэлэх хандлагатай байна. Тэр зах зээлийн гол тоглогчид нь Монголын компаниуд байх уу, эсвэл гаднын компаниуд давамгайлах уу гэдэг нь өнөөдрийн бодлогын шийдвэрээс ихээхэн шалтгаалах юм. Хэрэв энэ зах зээл бүхэлдээ гаднын эзэмшил давамгайлсан бүтэцтэй хөгжвөл Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарсан ч орлогын урсгалын шинэ хараат байдалд орж мэднэ. Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг ч түүний өгөөжийн дийлэнх нь гадагш урсдаг тогтолцоо бий болох эрсдэлтэй болно.
Тиймээс бидэнд хэрэгтэй зүйл бол хэн нэгнийг шахан гаргах биш, харин гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон төрийн оролцооны зөв тэнцвэрийг бүрдүүлэх явдал. Ийм тэнцвэр бүрдэж чадвал эрчим хүчний салбарын үр өгөөж улс орны эдийн засагт илүү өргөн хүрээнд шингэж, үндэсний компаниуд ч өсөж бэхжих боломжтой болно.
Аукционы хувьд Монгол Улсын анхны туршлага учраас алдаа оноо гарах нь мэдээж. Гэхдээ тэрхүү туршлагаасаа сургамж авч, дараагийн аукционуудад хэрэгжүүлэх хугацааг илүү оновчтой тогтоох, төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх, үндэсний компаниудын санхүүжилтийн эрсдэлийг бууруулах бодлогын механизмыг хамтад нь төлөвлөх шаардлагатай байна.
Хэрэв ингэж чадвал эхний аукционд сонирхлоо илэрхийлсэн 54 Монгол компанийн дундаас үндэсний хэмжээний эрчим хүчний хөрөнгө оруулагчид төрөн гарах бүрэн боломжтой. Цаашлаад Монгол компаниуд маань зөвхөн Монголын зах зээлд бус, олон улсын аукционт төслүүдэд өрсөлдөх чадвар, туршлага хуримтлуулна гэсэн үг билээ.
