Японы Токио хотноо (2026.05.15) болсон “Инвест Монголиа: Эрчим хүч ба санхүүгийн салбар, Токио 2026” форумд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Энэхүү арга хэмжээнд Японы талаас төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч байгууллагуудын 240 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, Монголын хувийн хэвшлийн 14 аж ахуйн нэгж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө танилцуулан, Японы бизнесийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай бизнесийн харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон байна.

Форумын хүрээнд Монгол Улсын эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хамтын ажиллагааны боломжуудыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилт, ногоон санхүүжилт, тогтвортой хөрөнгө оруулалтын орчны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломж, бодит түншлэлийн гарцуудын талаар ярилцжээ.
