“Маргаашийн дэлхийг аваръя” уриан дор байгаль орчны боловсрол, тогтвортой хөгжлийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Edu Eco Expo” арга хэмжээ амжилттай зохион (2025.05.16) байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Энержи Инсайт хамтран ажиллаж, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний ойлголт мэдээлэл түгээх, экологийн боловсрол олгох, зөв дадал хэвшлийг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулав.
Edu Park боловсрол, хөгжлийн цогц төвөөс тавдугаар сарыг “Эко сар” болгон зарлаж хүүхэд, залуучуудад багаас нь эхлэн тогтвортой хөгжлийн боловсрол олгох, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлага, дадал хэвшлийг төлөвшүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор уг арга хэмжээг зохион байгуулсан юм.
Өдөрлөгийн хүрээнд байгаль орчны боловсрол, экологийн зөв хэрэглээний талаар богино хэлэлцүүлгүүд өрнөж, “Effects of food waste on our environment”, “Дэлхий гараг ба хүний экологийн ул мөр”, “Байгальд ээлтэй эрүүл амьдралыг цогцлоох нь” зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэлүүд тавив.
Түүнчлэн Байгаль орчны мэдээллийн төв, Экологийн цагдаагийн алба, ШУТИС-ийн Эрчим Хүчний Инженерчлэлийн сургууль, МУИС-ын Экологийн боловсролын төв, МУБИС-ийн Биологийн танхим болон бусад экологийн боловсролын байгууллагууд оролцсон олон талт үйл ажиллагаа боллоо. Мөн оюутан, залуус сэргээгдэх эрчим хүч болон экологийн чиглэлээр хийсэн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа.
Цаашид Edu Park боловсрол хөгжлийн цогц төв нь сар бүр тодорхой сэдвийн хүрээнд олон нийтэд зориулсан боловсрол, танин мэдэхүйн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх аж.
_1779082216.jpg)
_1779082193.jpg)
