Турк сэргээгдэх эрчим хүчний хөгжлөөр Ойрх Дорнод, Кавказ, Төв Азийн бүс нутагт тэргүүлэх байр суурийг эзэлж байгааг цэвэр эрчим хүчний судалгааны Ember төвийн тайланд дурдсан байна.
2025 онд тус улс 363 ТВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээс нүүрс 34 хувийг бүрдүүлж, өмнөх оноос бага зэрэг буурсан. Харин нар, салхины эрчим хүчний нийлбэр 22 хувьд хүрч, түүхэн дээд хэмжээнд очсон бол байгалийн хий мөн 22 хувийг эзэлж, өмнөх оноос өсжээ. Мөн усан цахилгаан станц 16 хувь болж 2024 оноос буурсан. Үүнээс гадна бусад сэргээгдэх эрчим хүч, бусад чулуужсан түлш эрчим хүчний үйлдвэрлэлд бага хэмжээгээр оролцож байна.
Сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг нар, салхины тэлэлт голлон дэмжсэн байна. Нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2023 оноос хойш жил бүр дунджаар 4.5 ГВт-аар нэмэгдсэн бол салхины суурилагдсан хүчин чадал өнгөрсөн онд 1.8 ГВт-д хүрч, дээд түвшинд хүрсэн. Үүний үр дүнд нарны цахилгаан үйлдвэрлэл богино хугацаанд огцом өсөж, салхины төслүүдтэй хослон сэргээгдэх эрчим хүчний нийт өсөлтийг хурдасгажээ.
Хэдийгээр өнгөрсөн онд нар, салхины эрчим хүчний амжилтууд эвдэгдсэн ч 2035 он хүртэл дунджаар 8 ГВт шинэ хүчин чадал нэмэх зорилтод хараахан хүрээгүй байна.
Европын орнуудтай харьцуулахад Турк цахилгаан үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувиар дунд түвшинд хэвээр байна. Үүнд нүүрсний өндөр хэрэглээ нөлөөлж байгаа бөгөөд эрчим хүчний шилжилтийг сааруулж буй гол хүчин зүйлийн нэг гэдгийг судалгаанд өгүүлжээ.
Турк 2022 оноос хойш 33 ГВт батарейн хүчин чадал бүхий төслүүд төлөвлөсөн нь Европын орнуудаас давсан. Тухайлбал, Герман, Итали зэрэг орнуудад суурилагдсан болон төлөвлөгдсөн батарейн хүчин чадлын хэмжээ 12-13 ГВт орчим байна.
Цаашид Турк сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг хадгалах, нэмэгдүүлэхийн тулд эрчим хүчний хуримтлуурын шийдэл, сүлжээний хүчин чадлыг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна.
