“Ухаалаг тоолуурын систем, сервер, програм хангамжийн нэгдсэн шийдэл, өгөгдлийн төв” сэдэвт хэлэлцүүлгийг Эрчим хүчний зохицуулах хороо, “УБЦТС” ТӨХК хамтран (2026.04.09) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, “УБЦТС” ТӨХК, “ДҮТ” ТӨХХК, “ЦДҮС” ХК болон салбарын 20 гаруй компани, цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцож харилцан санал солилцсон юм.
Эрчим хүчний салбарын нэгдсэн програм хангамж, өгөгдлийн төвийн бодлого, ухаалаг тоолуурын өгөгдөл, бүтэц, цахим шилжилтийн тухайд ямар бодлого барих зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг хийв. Энэ нь эрчим хүчний салбарыг цахим системд шилжүүлэх томоохон ажлын эхлэл, суурь гэдгийг оролцогчид тодотгосон. Цаашлаад ЭХЯ, ЭХЗХ, “ДҮТ” ТӨХХК зэрэг байгууллагууд хамтран салбарын цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдлын бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах шаардлага үүсээд байгаа юм.
ЭХЗХ-ны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ “Монгол Улсын хэмжээнд 26 түгээх сүлжээ хэрэглэгчдэд цахилгаан түгээх, борлуулах үйл ажиллагаа эрхэлж байна. Уламжлалт тогтолцоо буюу байцаагч хэрэглэгчийн тоолуурын заалтыг биеэр очиж бичдэг байсан. Энэ нь салбарын бодит мэдээллийн эрэлтийг хангахгүй байх, хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл очихгүй зэрэг хүндрэлтэй байсны улмаас ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлыг 2023 оноос эрчимтэй хийж байна. Гэвч нэг дор их хэмжээний хөрөнгө, мөнгө гаргаад хийх боломж байхгүй. Тэгэхээр цахилгаан түгээх сүлжээнд үүсдэг нийт борлуулалтын 10 орчим хувийн алдагдлыг бууруулаад түүнээс гарсан хэмнэлтээрээ тоолуур суурилуулах шийдлийг гаргасан.
Үүний үндсэн дээр эдийн засаг талаасаа үр ашигтай төдийгүй үйл ажиллагааны зардал буурна. Нөгөө талаас эрчим хүчний салбар бодит тоон мэдээллүүдтэй болсноор төлөвлөлт оновчтой болохын зэрэгцээ алсаас удирдах боломж бүрдэнэ. Гуравдугаарт, хэрэглэгч өөрийн хэрэглээний мэдээллийг гар утаснаасаа хянаж, хэмнэлт, хэрэглээний зан үйлээ өөрчлөх хүртэл давуу талтай юм.
Ухаалаг тоолууржуулах ажлыг “УБЦТС” ТӨХК манлайлж байна. Тус компани нийт хэрэглэгчдийнхээ 50 гаруй хувийг ухаалаг тоолууртай болгох ажлыг хийчихээд байна. Бусад түгээх сүлжээнүүдийн нийлбэр дүн ч мөн 50 хувьд хүрчихлээ.
Бидний зүгээс “УБЦТС” ТӨХК-ийн систем, програм хангамжийг ашиглаж аль болох хэмнэлттэйгээр ухаалаг тоолуурт шилжье гэдэг бодлогыг барьж байна” хэмээн ярилаа.
Тэгвэл хэрэглэгчдийнхээ талаас илүү хувийг ухаалаг тоолууржуулахын зэрэгцээ зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн алдагдлыг бууруулж 12.6 тэрбум төгрөгийн орлого олсон “УБЦТС” ТӨХК-ийн зүгээс төслийн шатанд анхаарах хэд хэдэн зөвлөмжийг өгсөн юм. Ухаалаг тоолуурын тендерийг оны эхэнд зарлах, угсралтын үед ажиллах хүчээ зөв хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих, шударгаар туршлагатай, ажиллах хүчний чадавхтай нийлүүлэгч сонгох зэрэгт анхаарах ёстой аж.
Ухаалаг тоолуур нь хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээний зан үйл, удирдлага, хэмнэлтэд эерэг нөлөөтэй бол түгээх компанид эдийн засгийн хувьд илүү үр ашигтай. Эцсийн дүндээ эрчим хүчний салбарын түвшинд системийн найдвартай байдлыг сайжруулахад ач холбогдолтой юм.
“УБЦТС” ТӨХК-ийн Төслийн нэгжийн дарга Ч.Батбаяр хэрэглэгчдийг ухаалаг тоолууржуулах ажлынхаа талаар “Манай компанийн хувьд 2023 оноос хэрэглэгчдээ бүрэн ухаалаг тоолууржуулах зорилтыг дэвшүүлж ажиллаад одоо дуусах шатандаа орж байна. Төсөл маань таван жилийн хугацаатай 2027 оныг дуустал 465 мянга орчим хэрэглэгчийг хамруулахаар төлөвлөсөн. Хэрэглэгчийн өсөлттэй холбоотойгоор 500 гаруй мянган хэрэглэгч болж өссөн ч энэ ондоо багтаад бүх хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгож чадахаар байна. Энэ нь төслийг анх хэрэгжүүлэхдээ алдагдал өндөртэй, холын хэрэглэгч олонтой дүүргүүдээ сонгосонтой холбоотой. Үүний үр дүнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн алдагдал 13.6 хувиар буурсан. Тиймээс эдийн засгийн хувьд тооцоолсноос ч илүү үр ашигтай гэдэг нь харагдаж байна.” гэдэг мэдээллийг өглөө.
