Нийслэлээс Дулааны V цахилгаан станц (V ДЦС) төслийг санхүүжүүлэх зорилгоор “Нийслэл бонд” гаргасан. Гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг “Нийслэл бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 200 тэрбум төгрөгийг татан төврүүлэх захиалга амжилттай хаагджээ.
Тус бондоор татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой V ДЦС төслийн эхний үе шатанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн төслийн эхний блокийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулах бөгөөд дараагийн блок мөн онд ашиглалтад орох аж. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулаан, цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

“Нийслэл бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат, “Дулааны тавдугаар цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дарга А.Бямбадорж болон бусад төлөөлөл оролцжээ.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат цан цохих ёслолын нээлтийн үгэндээ “Энэ бонд зөвхөн нэг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх бус нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг түүчээлэх мега төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан шийдэх боломж байгаагийн тод илэрхийлэл юм. Цаашид бид Улаанбаатар хот болон Монгол Улсын томоохон мега төслүүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжүүлэх чиглэлд илүү нягт хамтран ажиллаж, ил тод, үр ашигтай, олон улсын жишигт нийцсэн санхүүжилтийн шийдвэрүүдийн хамт хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна.” гэдгээ илэрхийлсэн юм.
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2022 онд Нийслэл өөрөө томоохон дэд бүтцийн хөтөлбөрүүдээ санхүүгийн олон тулгуурт хэрэгсэл ашиглаж санхүүжүүлэх боломж нээгдсэн. Үүнээс хойш Нийслэлд олон өөрчлөлтүүд гарсан. Улаанбаатар хотод одоогоос хоёр жилийн өмнө анхны дотоод бондыг арилжиж байсан. Тэгвэл өнөөдөр хоёр дахь бондоо арилжиж буй энэ үйл явц бол Нийслэл хотын түүхэнд шинээр бичигдэх түүхэн үйл явдал юм. “Нийслэл бонд”-оор санхүүжүүлсэн V ДЦС ашиглалтад орсноор 100 мянган айлыг эрчим хүчээр, 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болно.” гэдгийг онцоллоо.
“Эм Ай Си Си ҮЦК” ХХК нь уг бондын андеррайтераар ажиллаж, зах зээлд санал болгох үйл явцыг зохион байгуулж, анхдагч зах зээлийн арилжааг удирджээ. Энэхүү арилжаа нь дотоодын зах зээл дээр томоохон дэд бүтцийн төслүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжүүлэх боломж бодитой байгааг баталсан жишээ боллоо.
