Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл (2026.03.24) хийсэн. Тэрээр Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого зохицуулалтын талаар танилцуулахдаа эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг хөндсөн юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Дэлхийн улс орнууд нефть, хийн эрчим хүчийг эрсдэлтэй гэж үзэж байна. Газрын тосны хямралын үр дагавар цаашдаа тийм амар шийдэгдэхгүй. Олон жил үргэлжилсэн байдал үүсэх тул сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, бусад эх үүсвэр, мөн нүүрсний эрчим хүчний бодлогоо улс орнууд өөрчлөөд эхэллээ. Тэгэхээр манай улс сэргээгдэх эрчим хүчний том төслүүдээ идэвхжүүлэх бодлогын зохион байгуулалттай арга хэмжээнүүд авна. Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөхөөр яригдаж байгаа хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр дагаад хийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох, улмаар утааны асуудлыг шийдэх зэрэг таатай үр ашиг бий болно.
Бид нэн тэргүүнд эрчим хүчээ анхаарч байна. Эрчим хүч бол хөгжлийн суурь. Гэтэл манай улсын хөгжлийн гол тээг болчхоод байгаа. 2025 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 1800МВт эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 300МВт авч байна. Манай дээд хүчин 2100МВт. Өнөөгийн эрчим хүчний чадлаа бүрэн ашиглаад өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээгээ хангахгүй болж эхэлсэн. Одоо хүлээгдэж буй хүсэлт 2266МВт байна. Дулаан мөн адил, Улаанбаатарын хэмжээнд 3558 Гкал/цаг үйлдвэрлэж, хүлээгдэж буй хүсэлт 1160 Гкал/цаг байна.
Цахилгаан эрчим хүчинд холбогдох хүсэлт 3240МВт-аас 70 хувь нь холбогдож чадаагүй, Улаанбаатар дахь дулаанд холбогдох хүсэлт 1,139 Гкал/цагаас 90 хувь нь холбогдож чадаагүй байна.
Энэ нь манай эдийн засгийн хүлээлт өндөр байна гэсэн үг.
Бодлогын хүлээлтээс хамааралтайгаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт зогсчхоод байгаа. Эрчим хүчний салбарыг либералчлах, хувийн хөрөнгө оруулалтыг оруулах, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах гээд томоохон арга хэмжээ авах ёстой. Эрчим хүчний төслүүдийг санхүүжүүлэхдээ Хөгжлийн банкны эх үүсвэрээс ашиглана. Хөгжлийн банк, шууд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл. Цаашид гадаад зээл тусламжийн ашиглалтаа нэмэгдүүлнэ. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг төсвийн гадуур гадаад зээлийн ашиглалтаар хэрэгжүүлнэ. Эрчим хүчний 12 төслийг эрэмбэлсэн.

2016-2030 он хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төслүүдээ УИХ-аар батлуулсан. Энэ бол хууль. Үүний хүрээнд 2027 оны хөгжлийн бодлогыг УИХ-аар оруулахаар бэлдэж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар хөгжлийн хөтөлбөрийг улс төрийн бүх намууд, нэр дэвшигч нар дагах үүрэгтэй. Хөгжлийн бодлогоос гажсан сонгуулийн хөтөлбөр боловсруулж өрсөлдвөл нэр дэвшилтээс хасах зохицуулалттай. Бодлого тууштай, улс төрөөс ангид, тогтвортой хэрэгжих нь чухал гэж үзэж ийн бодлогын өөрчлөлт хийсэн хууль хэрэгжиж байна.
Хамгийн гол зүйл тариф байгаа, тодорхой хэмжээний хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тариф дээр нарийвчилсан судалгаанууд гаргаж байна. Өнөөдөр бид дэлхийн хамгийн хямд эрчим хүч хэрэглэж байгаа ард түмэн. Манай эрчим хүчний шинэчлэл хөрөнгө оруулалт дээр гацчихаад байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн хөгжлөө түргэтгэх үүднээс энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг хийнэ. Их олон жил бид үнэ тогтворжуулчихсан. Хөрөнгө оруулалт орохгүй, шинэчлэлээ хийж чадахгүй явсаар эрчим хүчний салбар маань хөгжлийг дэмжигч биш гацаагч болж хувирсан. Иймээс энэ байдлыг яаралтай шийдэх асуудал яригдана. Бид одоо илүү нарийвчилж 4 ам бүлтэй, 50м2 талбайтай, 2 өрөөтэй орон сууцад эрчим хүчний төлбөр айл айлаар нь гаргаад, гэр хороолол болон орон сууцны айлд хэрхэн нөлөөлөх вэ гээд тооцоолол хийгдэж байна.
Тэгэхээр эрчим хүчний салбараа яаралтай либералчлах, үнэ чөлөөлөх, хөрөнгө оруулалтад таатай дэд бүтцийг үүсгэхгүй бол манай эдийн засаг яг энэ байгаа түвшиндээ зогсчих гээд байгаа юм.
