E-Sight
Эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүйгээс бэлтгэн нийлүүлэгчдийн өр төлбөр их хэмжээгээр хуримтлагджээ

Эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүйгээс бэлтгэн нийлүүлэгчдийн өр төлбөр их хэмжээгээр хуримтлагджээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлууд эхэлж байгаатай холбогдуулан өргөтгөсөн шуурхай хуралдаан (2026.03.24) болжээ. Хуралдаанд салбарын 48 үйлдвэр компанийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженерүүд оролцсон байна. Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн хуралдааныг удирдаж, “Нэгдсэн сүлжээний 2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны хэрэгжилт”, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний талаар нэгдсэн мэдээлэл өгчээ. 

Салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх удирдлагуудын зүгээс эрчим хүчний үнэ тариф өртөгтөө хүрэхгүй байгаагаас шалтгаалан хөрөнгө мөнгөний дутагдалд орж бэлтгэн нийлүүлэгч дээр өр төлбөр их хэмжээгээр хуримтлагдсан, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломжгүй, улмаар үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа талаар танилцуулсан байна.  

Үйлдвэрлэлийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах болон удирдлага зохион байгуулалтын чиглэлээр Эрчим хүчний дэд сайд дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:

-    Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд их засвар, техникийн зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, ажлыг эхлүүлэх, төлөвлөгдсөн хугацаанд хийж дуусгах;

-    Олон улсын нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай дизель түлш, мазут, шатах, тослох материал зэрэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөцлөлтөд анхаарч ажиллах;

-    Эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд хөрс хуулалт, уулын ажлын төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь бүрэн хийж, дулааны цахилгаан станц, дулааны станцууд өвлийн их ачааллын үеийн нүүрсний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг тус тус үүрэг болголоо.