Засгийн Газрын ээлжит хуралдаанаар "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан (2026.03.18) буулгахаар шийдвэрлэлээ. "Эрчист Монгол"-ыг төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан. Гэвч энэхүү бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.
Тухайлбал, “Эрчист Монгол” үйл ажиллагааны урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажилласан, 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд оржээ.
Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин удирдаж байсан энэхүү компани нь эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байв.
