E-Sight
Салхит станц 2026 он гарснаас хойш 36.3 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэв

Салхит станц 2026 он гарснаас хойш 36.3 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэв

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Энержи Инсайт эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар Салхит станцаас тодруулга авлаа.

Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Салхит салхины цахилгаан станц 2026 он гарснаас хойш өнөөдөр (2026.03.17)-ийг хүртэл 36.3 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн гэдгийг тус станцын ээлжийн инженер Б.Тулгаа хэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн станцын өнөөдрийн үйл ажиллагааны талаар "Одоогийн байдлаар ээлжинд инженер, техникийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй гарч байна. Засварын бригадаас зургаан хүн буюу бүрэн бүрэлдэхүүнээр, мөн ХАБЭМ-ийн ажилтан ирсэн байна. Манай станц хоёр шугам, хоёр трансформатор, 31 турбинтай, ачаалал 40 орчим МВт, салхины хурд дунджаар 11.5 м/с, үйл ажиллагаа хэвийн, гурван захиалгат ажил төлөвлөгдсөнөөс бүгд орохоор байна" гэв.

Тус станц 2013 онд эрчим хүч үйлдвэрлэж эхэлснээс хойш 2025 оны эцэс хүртэл 1.8 тэрбум кВт.цаг эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн. Үүнээс өнгөрсөн жил 170.3 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь нийт үйлдвэрлэлийн 9.4 хувийг эзэлсэн байна.

Салхит станц нь 50 МВт-ын хүчин чадалтай бөгөөд жилд 122 мянган тонн түүхий нүүрс хэмнэж, цэвэр усны хэрэглээг 1.6 сая тонн, хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор тус тус бууруулах байгаль орчны эерэг нөлөө үзүүлдэг юм.