Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч 4 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр (2026.03.11) тогтжээ.
“Эрчим хүч 4 төсөл” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”-ийг хэрэгжүүлснээр дээрх аймгуудын хэрэглэгчид хоёр талын найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдана гэж үзэж байна.
Түүнчлэн, хэт урт шугамын төгсгөлд үүсэх хүчдэлийн уналтаас бүрэн ангижирч, иргэдийн амьдрах ая тухтай орчин бүрдэж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэс болох аж. Мөн Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болов. Төслийн үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэх ач холбогдолтой.
