Францын Булонь-Биянкур хотод хоёр дахь удаагийн Дэлхийн цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалт өчигдөр (2026.03.10) боллоо. Тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцсон байна.
Хоёр дахь удаагийн хурлыг БНФУ болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (IAEA) хамтран зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд яригдсан гол сэвэв нь цөмийн эрчим хүчээр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, эрчим хүчний төслүүдийн санхүүжилт, дэвшилтэт технологи, аюулгүй байдал, салбарын стандарт, хяналт шалгалтын тогтолцоог харилцан үялдуулах тухай байсан аж.
Мөн олон улсын стандарт боловсруулан жигдрүүлэх, жижиг модульт реактор болон цөмийн станцын түлшний нийлүүлэлт, салбарын хүний нөөц зэрэг асуудлыг төр, аж үйлдвэр, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид олон талаас хэлэлцсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтыг нээж хэлсэн үгэндээ цөмийн эрчим хүч улс орны стратегийн бие даасан байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чухал холбогдолтой болох, салбарын тогтвортой байдалд түлшний баталгаатай нийлүүлэлт чухал болохыг онцолж, уран олборлодог олон улс байна гэжээ. Үүний дотор Монгол болон Казахстаныг онцолсон байна. Эдгээр улс нь цөмийн салбарын тогтвортой байдалд түлшний нийлүүлэлт нэн чухал үүрэгтэй төдийгүй нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, энэ чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн байна.
Сайд Б.Батцэцэг нээлтийн хуралдаанд оролцож, Монгол Улсын эрчим хүчний төлөв, цөмийн эрчим хүчний талаарх байр суурийг олон улсын хамтын ажиллагаатай уялдуулан танилцуулж, манай улсын хувьд эрчим хүчний аюулгүй байдал нь нэн чухал болохыг тэмдэглэн аюулгүй, тогтвортой, хямд цөмийн эрчим хүчний хөгжлийг Парисын хэлэлцээрийн уур амьсгалын зорилтуудтай уялдуулах нь чухал болохыг илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
