Манай улсад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны төр, хувийн хэвшлийн түншлэл “DeveloPPP” хөтөлбөрийн хүрээнд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) нь “Вьетнам болон Монгол Улс дахь ногоон ажлын байрыг дэмжих мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү төслийг Герман болон Вьетнамын “Thuan Binh Wind Power” ХК, “Festo Didactics” компани, “Schneider Vietnam” компани, манай улсын “Клин Энержи” ХХК, “Рентек Инженеринг” ХХК, “BBH” ХХК, “Клин Энержи Ази” ХХК, “Шнайдер Электрик Монгол” ХХК зэрэг байгууллагууд, Дархан Политехник коллеж, Налайх Политехник коллежтой хамтран хэрэгжүүлж байгаа юм.
Гол зорилго нь сэргээгдэх эрчим хүчний салбарт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дэмжих, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэж буй.
Сүүлийн хориод жилд Вьетнамын эрчим хүчний салбар эрчимтэй хөгжиж, эдийн засгийн өсөлт болон ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх стратегийн тулгуур салбар болон төлөвшжээ. Өнөөдөр Вьетнам нь эрчим хүчний эх үүсвэрийн төрөлжилт, суурилагдсан хүчин чадлаараа ASEAN бүс нутагт тэргүүлэх байр суурь эзэлж байна. Тус улсын Засгийн газраас дэвшүүлсэн 2050 он хүртэлх Net-Zero зорилт, эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлыг 400-500 ГВт-д хүргэх урт хугацааны төлөвлөгөө нь салбарын хөгжлийн бодлого, түүний тууштай, системтэй чиг хандлагыг тод харуулж байна. Иймд Вьетнамын эрчим хүчний бодлого, инновац, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог судлах нь бодит ач холбогдолтой юм.

Уг төслийн хүрээнд 2025 онд Вьетнамын мэргэжлийн коллеж, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах туршлага судлах аяллыг зохион байгуулжээ. Тус аялалд төслийг хамтран хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагуудын 20 орчим төлөөлөл хамрагдсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх тогтолцоотой танилцах, шилдэг туршлага, инновацыг судлахад төвлөрсөн байна.

Вьетнамын мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагууд сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээтэй уялдуулсан, үр дүн төвтэй загвараар амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, туршлага судлах аяллын үеэр зочилсон Vocational college machinery and irrigation (VCMI) коллеж нь хиймэл оюун ухаан, виртуал симуляцид суурилсан сургалтын болон үнэлгээний шийдлийг нэвтрүүлснээр суралцагчдыг бодит үйлдвэрлэлийн орчинд ойртуулсан практик чадвар суулгах тогтолцоог бүрдүүлжээ. Мөн бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний нөөц, онцлогт тулгуурлан мэргэшсэн сургалтын бааз, туршилтын төвүүдийг байгуулж, дэвшилтэт тоног төхөөрөмж дээр дадлагажих боломжтой зэрэг нь чанартай хүний нөөц бэлтгэхэд чухал ач холбогдолтой байсныг төсөл хэрэгжүүлэгчид онцгойллоо.
Вьетнамын хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд ногоон шилжилтийг үйлдвэрлэл, хүний нөөцийн бодлоготой уялдуулсан цогц менежментийн тогтолцоог хэрэгжүүлдэг байна. Станцын ашиглалт, засвар үйлчилгээ, төслийн удирдлага, техникийн чадавхжуулалтыг нэг дор уялдуулсан загвар нь оюутан, залуу мэргэжилтнүүдийг үйлдвэрлэлийн бодит орчинд дадлагажуулж, зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвар эзэмшүүлэх боломжийг бүрдүүлдэг аж. Түүнчлэн зарим аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийг хөдөө аж ахуй зэрэг бусад салбартай хослуулан ашиглаж, ногоон эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгож байгаа нь салбар хоорондын интеграцийн үр ашигтай жишээ байсан нь шинэ содон туршлага болжээ.
Энэхүү туршлага судлах аялал нь олон бодит үр дүнд хүрсэн байна. Тухайлбал, төслийн гол түншлэгч сургалтын байгууллагууд болох Дархан, Налайхын Политехник коллежууд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр чадамжийн төв болж хөгжих боломжийг судалжээ. Сургалтын агуулга, арга зүй, үнэлгээний орчин үеийн шийдлүүд (хиймэл оюун ухаан, виртуал симуляци, ажлын байранд суурилсан сургалт)-ийг нутагшуулах боломжийг ч тодорхойлсон байна. Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэнээр сургалтын чанарыг сайжруулж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй болохыг Вьетнамын туршлагаас баталгаажуулжээ.
Туршлага судлах аяллын үр өгөөж нь зөвхөн мэдлэг солилцоогоор хязгаарлагдахгүй. Цаашид Монгол, Вьетнамын хооронд мэргэжлийн боловсролын урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бэхжүүлсэн юм. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг нутагшуулах болоод багш солилцоо, багш чадавхжуулах тогтолцоог бий болгох зэрэг ажлуудыг аяллын туршлагад үндэслэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөх чадвартай, ирээдүйд чиглэсэн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх институтийн суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Налайх Политехник коллежийн Цахилгааны мэргэжлийн багш А.Шинэхүү: Миний хувьд Налайхын Политехник коллежийг төгсөөд, мэргэжлийн ур чадвараа үе шаттайгаар дээшлүүлж багш болсон. Одоо гурав дахь жилдээ багшилж байна. Энэхүү аяллын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний сайн туршлага, мэдлэгийг олж авахыг зорьсон. Вьетнамд сэргээгдэх эрчим хүч маш хурдтай хөгжиж байгаа. Маш сайн туршлагуудыг амьдрал дээр суулгаж байгаа улс юм. Гол мөн чанар нь сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургууль болон компаниуд хоорондоо нягт уялдаж ажилладагт байна. Сургуулиуд хичээлийнхээ хөтөлбөрөө бэлтгэхдээ тухайн аж ахуйн нэгжтэй хамтарч боловсруулдаг. Ингэснээр эрэлт хэрэгцээтэй байгаа чадварлаг мэргэжилтнийг зах зээлд бэлтгэх боломжийг бүрдүүлдэг. Төслийн хүрээнд манай улсад ч энэ туршлага мөн хэрэгжиж эхлээд байна. Харин Вьетнам энэхүү төслийг аль хэдийн хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрсэн арвин туршлагатай. Энд анхан шатнаас нь эхэлж сургадгаараа их онцлогтой юм билээ. Компаниуд эхлээд тусгайлан зориулсан дадлагын байран дээрээ оюутнуудаа дадлагажуулдаг. Энэ шатандаа тэнцсэний дараагаар компани дээрээ дадлагажуулж эхэлдэг. Коллежуудын үйл ажиллагаатай танилцахад дадлагын орчин маш чухал болсон байсан. Бүх дадлагын бааздаа сэргээгдэхийн төхөөрөмжүүд болон сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг хослуулсан байсан. Ингэснээр онолоо үзээд түүнийгээ практикт шууд турших боломжтой юм. Түүнчлэн дадлагын баазуудаа хүний оролцоогүйгээр автоматжуулахад түлхүү анхаарсан орчин үеийн технологи, программын шийдлүүдийг бий болгосон нь анхаарал татсан. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн мэргэжилтнүүдээ багаас нь бэлтгэх нь илүү ашигтай гэдгээ ойлгочихсон. Тийм ч учраас дадлага хийж байгаа оюутнуудаа маш сайн дэмждэг юм байна. Тухайлбал, хол гэртэй бол ойрхон байраар хангах гэх мэт. Дадлагажуулах явцдаа тухайн оюутны идэвх, ур чадварыг үнэлээд түүнд нь тохирсон цалин, урамшууллын шаталсан бодлого явуулдаг. Миний хувьд энэхүү аялал нь багшлах арга зүйгээ сайжруулахад эерэг нөлөө үзүүлсэн. Сургалтын орчинг сайжруулахад багшийн оролцоо тун чухал юм байна. Уламжлалт аргуудаас илүү технологийн дэвшлийг ашиглаж цахим орчинд хослуулбал оюутнуудтайгаа илүү ойлголцож, тэд ч мэдлэгийг сайн хүлээж авахаар санагдсан. Тэнд ажил олгогчидтойгоо хамтраад тухайн станцыг виртуал орчноор шууд харуулаад, дадлагаа хийх боломжийг бүрдүүлж өгсөн байсан. Энэ нь зүгээр сонсох биш харин нүдээр харж, бодит төсөөллийг авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Илүү үр дүнтэй байх нь ойлгомжтой. Тиймээс бид энэ туршлагад үндэслэж хичээлийн хөтөлбөртөө дэвшилтэт технологи ашиглах талаар ярилцаад, боломжтой зүйлсээ эхнээс нь хэрэгжүүлэхээр зорьж байна. Бид эдгээр сайн туршлагуудыг бусдадаа түгээн дэлгэрүүлэх ёстой. Яг тухайн стандартын дагуу өөрсдийн онцлогт тохируулан нутагшуулж, мэргэжлийн орчин бий болгох нь чухал. Эдгээрийг бусад багш нартаа ойлгуулж байж, оюутнууддаа жигд мэдлэг, туршлагыг хүртээх юм. Цаашдаа сургуулиуд болон аж ахуйн нэгжүүдийн энэ хамтралыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь чухал. Энэ сайн хамтрал дундаас чанартай бүтээгдэхүүн төрнө шүү дээ. Эцэст нь хэлэхэд Вьетнамд хийсэн энэ туршлага судлах аялал үнэхээр өндөр өгөөжтэй байлаа.

“Клин Энержи Ази” ХХК-ийн Засвар үйлчилгээний менежер Х.Эхлэнмандах: “Вьетнам болон Монгол Улс дахь ногоон ажлын байрыг дэмжих мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд Вьетнамын коллежууд болоод аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Энэ төсөл Вьетнамд хэрэгжээд, маш боловсронгуй болсон байсан. Манайх Вьетнам шиг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал маш үнэ цэнтэй төсөл болох нь харагдсан. Вьетнам бол их онцлогтой улс байсан. Яагаад гэхээр сүүлийн 20 жилийн дотор эрчим хүчний хэрэглээ нь найм дахин өссөн. Эрчим хүчний хэрэглээ ингэж огцом өссөнөөр үйлдвэрлэл ч түүнтэй зэрэгцээд явж байгаа гэсэн үг юм. Энэ хөгжил цэцэглэлтийг бүтээн байгуулж байгаа мэргэжилтнүүд хэрхэн бэлтгэгдэж байгааг дотроос нь харах боломж олдсон. Вьетнамын аж ахуйн нэгжүүд нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран дадлагын орчин, тоног төхөөрөмжийг сайжруулж, өөрсдөд хэрэгцээтэй чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг сайн жишиг бий. Энэ туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн идэвх, санаачилга чухал юм. Жишээлбэл, бидний танилцсан салхин цахилгаан станц оюутнуудыг дадлагажуулдаг тусдаа дадлагын газартай байсан. Манайх ч гэсэн компани дээрээ ийм дадлагын газар байгуулах хэрэгтэй юм байна гэдгийг тэндээс харж авсан. Шууд хэрэгжүүлэх боломжтой зүйл нь сургалтын хөтөлбөрийн уян хатан байдал байсан. Энэ нь коллежууд компаниудынхаа саналыг аваад, шаардлагатай ур чадварт тулгуурлаж сургалтынхаа хөтөлбөрөө боловсруулах юм. Бид ч гэсэн энэ дагуу “Сэргээгдэх эрчим хүчний техникч” гэдэг мэргэжлийн хөтөлбөрийг хамтдаа боловсруулсан. Одоо дараагийн шатны дадлагажуулах хөтөлбөрөө боловсруулахаар ажиллаж байна. Харин байгууллагадаа хэрэгжүүлж болохоор туршлага нь салхин турбиндаа өөрсдөө унтраах галын систем суурилуулсан байсан. Энэ бол манайхны хувьд дараагийн түвшний зүйл байсан. Энэ мэт олон шинэ, сайн туршлагуудыг энэхүү аяллаас олж авсан. Цаашдаа тухайн компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэх суурийг ч тавьж чадсан.
