Эрчим хүчний яамнаас “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, уг журамд оролцогч талуудын санал, байр суурийг тусгах зорилготой олон нийтийн сонсгол, хэлэлцүүлэг явагдаж байна. Тэгвэл энэхүү үйл ажиллагааны нэг том оролцогч тал нь иргэд, айл өрх юм. Ялангуяа утааны гол “буруутан”-аар тодордог гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчээр дулаанаа шийдвэрлэх хандлага түгээмэл байсан бол сүүлийн үед нарны эрчим хүчээр өрхийн хэрэглээгээ хангах сонирхол идэвжиж байна. Энэ нь нэг талаар олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд идэвхтэй дэмжиж буйтай ч холбоотой. Тиймээс “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг гол хэрэглэгч болох иргэдэд таниулах, эрчим хүчний бодлогод саналыг нь тусгуулж, оролцоог хангуулах зорилго бүхий үйл ажиллагааг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ, Энержи Инсайт сэтгүүл хамтран зохион байгууллаа. Тус ажлыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Оролцоо” төслийн тэтгэлгээр “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм.

Зураг:“Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” бодлогын хэлэлцүүлэг, 2026.01.21
УИХ-ын даргын дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд айл, өрхүүдийн сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлэхэд тулгарч буй 14 шат дамжлага бүхий хүнд суртал, удаашралтай зохицуулалтыг халж, туршилтын журмаар нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэх шийдвэр гарсан билээ. Тиймээс дээрх журмын төсөлд иргэдийн санал, туршлага, хэрэгцээг тусгах зорилгоор Чингэлтэй дүүргийг сонгон, иргэдийн оролцоонд суурилсан бодлого боловсруулах туршилтын төслийг хэрэгжүүллээ.

Зураг:“Асуудал, шийдлийг тодорхойлцгооё” иргэдийн уулзалт-хэлэлцүүлэг, 2026.02.02
Төслийн хүрээнд “Асуудал, шийдлийг тодорхойлцгооё” иргэдийн уулзалтыг (2026.02.02) Чингэлтэй дүүргийг сонгон зохион байгууллаа. Үүнд, нарны эрчим хүчний үүсгүүрийг суурилуулж, түгээх сүлжээнд холбосон болон мөн суурилуулах сонирхолтой айл өрхийн төлөөлөл 31 иргэн оролцсон юм. Энэхүү уулзалтаар журмын төслийн талаарх суурь мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулах, нийтлэг ойлголт өгсөн. Манай улсын эрчим хүчний салбарын хууль эрх зүйн шинэчлэл, Австрали улсын тархмал эх үүсвэрийн туршлагын талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь "Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ногоон эрчим хүчний асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий” Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг ярьсан бол Эрчим хүчний яам дээр байгуулагдсан журмыг шинэчлэх Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, ЭХЯ-ны шинжээч Б.Баясгаланбаатар шинэчилсэн журмын төслийг танилцуулсан. Мөн Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөр, гэр хорооллын утааг бууруулахад чиглэсэн ажлуудын явцын талаар Засаг дарга Н.Мандуул мэдээлэл хийсэн юм. Дээрх мэдээллийг сонссоны дараа иргэд зөвшөөрөл авах, сүлжээнд холбогдох, техникийн болон санхүүгийн бодит хүндрэл, боломжуудын талаар байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн. Туршлага, хэрэгжилт, сонирхол гэсэн гурван өөр нөхцөлтэй айл өрхийн төлөөллүүд асуудал бэрхшээлээ тодорхойлж, “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ын шинэчилсэн төсөлтэй холбоотой өөрсдийн саналуудаа илэрхийлсэн юм. Энэхүү уулзалтын дараа дээрх иргэдээ төлөөлөн 8 иргэн фокус бүлгийн уулзалт хийж, иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн боловсруулав.

Зураг:Оролцогч талуудын уулзалт, 2026.02.09
Дөрөв дэх арга хэмжээгээр оролцогч талуудын уулзалтыг (2026.02.09) зохион байгуулсан. Уг уулзалтад иргэдийн төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, түүний Ажлын албаны мэргэжилтнүүд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Нийслэл түгээх сүлжээ” компани болон угсралт, суурилуулалтын компанидын төлөөлөл оролцлоо. Иргэд өөрсдийн саналыг танилцуулж, өрхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг суурилуулах шийдэлтэй холбоотой асуултууддаа аж ахуйн нэгжүүдээс хариулт авсан юм. Харин компаниудын зүгээс үйл ажиллагаа явуулахад саад, бэрхшээл болж буй дүрэм журамтай холбоотой саналыг төр засгийн төлөөллүүдэд илэрхийлэв.
Уг хэлэлцүүлгийн үр дүнд журамд тусгах боломжтой саналуудыг тодорхойлсон бөгөөд иргэдээс журмын хүрээнд нийт 27 санал гаргасныг Эрчим хүчний яамны дэргэд байгуулагдсан журам шинэчлэн боловсруулах Ажлын хэсэгт 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор хүлээлгэн өгөөд байна.

Зураг: Иргэдээс гаргасан нийт 27 санал гаргасныг Эрчим хүчний яамны дэргэд байгуулагдсан журам шинэчлэн боловсруулах Ажлын хэсэгт хүлээлгэн өгөв, 2026.02.10
Иргэдийн гаргасан саналын дийлэнх агуулга журмын төсөлд тусгагдсан бөгөөд санхүүжилт, зээлтэй холбогдох асуудлуудыг журамд тусгах боломжгүй болохыг Ажлын хэсгээс мэдэгдлээ. Түүнчлэн иргэдийн зүгээс хамгийн их хөндөгдсөн мэдлэг, мэдээллийн хомс байдлыг арилгах, мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой саналуудыг журамд тусгаж байгааг онцолсон юм. Журмын хүрээнд хэрэглэгчдэд шаардлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын жагсаалт, стандарт болон холбогдох бусад мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд тусгай цэсээр дамжуулан байршуулж, олон нийтэд ил тод мэдээлнэ гэдгээ Ажлын хэсгээс мэдэгдлээ.
Журмыг олон нийтэд таниулан сурталчлах чиглэлд Энержи Инсайт сэтгүүл хамтран ажиллах юм.
