Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй “Сэргэлэн” дэд станцын барилга угсралтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна. 2026 онд бүрэн ашиглалтад орох төлөвлөгөөтэй тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэх аж.
Төслийн хүрээнд 100 МВт нарны цахилгаан станц, 90 МВт цахилгаан хуримтлуурын станц барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан байна.
Цахилгаан хуримтлуурын 90 МВт станцыг “Сэргэлэн” дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглана.

Сүүлийн хоёр жилд төвийн бүсэд Бөөрөлжүүт цахилгаан станцын 1,2 блок, Багануурын цахилгаан хуримтлуурын станц ашиглалтад ороод байна. Энэ оны эхний хагаст V ДЦС-ын барилгын ажил эхлүүлнэ.
