E-Sight
Цэвэр эрчим хүчний хөгжилд олон талын оролцоо чухал

Цэвэр эрчим хүчний хөгжилд олон талын оролцоо чухал

Өнөөдөр Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2023 онд А/77/327 тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 26-ныг Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр болгон зарласан билээ. Энэхүү өдөр нь сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг онцолж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих дэлхий нийтийн хүчин чармайлтыг уриалдаг бөгөөд 2009 оны энэ өдөр эрчим хүчний шилжилтийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааны платформ болж, цэвэр эрчим хүчний технологийн талаар мэдээлэл, дүн шинжилгээ хийх зорилгоор “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA)” үүсгэн байгуулагдсан юм.

Олон улсын цэвэр эрчим хүчний өдрийг тэмдэглэснээр дэлхий нийтээрээ эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг онцолж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хандлагыг идэвхжүүлдэг.

Тиймээс ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин үлдээх, тогтвортой хөгжлийг хангахын төлөө төр, хувийн хэвшил, иргэн бүр хамтран ажиллахын чухлыг уриалдаг онцгой ач холбогдолтой өдөр юм.

Энэхүү өдрийг угтан 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төсөл, Эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг хамтран зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг үг хэлэхдээ, “Хууль эрх зүйн орчин, журам, бодлого гэдэг нь харилцаж байгаа талуудын харилцааны хэм хэмжээг цагаан дээр хараар буулгахыг хэлнэ. Бид зөвхөн нэг талын оролцоогоор боловсруулах юм бол учир дутагдалтай болно. Бидний хувьд Дулаан хангамжийн тухай бие даасан хуулийг боловсруулахдаа олон талын оролцоог ханган ажиллаж байгаа. Түүнчлэн Цахилгаан хангамжийн тухай хуулийг боловсруулах тэр дундаа эрчим хүчний салбарын төрийн оролцоог багасгаж, өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх бодлогын шинэчлэлд оролцогч талуудын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа. Ингэхдээ оролцогч бүхий л талуудынхаа ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал юм. Тэгж байж бүхий л талын оролцоог хангаж чадах юм” гэв.

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нээлтийн үгэндээ, “Эрчим хүчний салбарт оролцоог хангах бодлогын хэлэлцүүлгийг Олон улсын цэвэр эрчим хүчний өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ өдөр бол цэвэр эрчим хүч ямар чухал болох талаар ойлголтыг нэмэгдүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг сануулдаг өдөр байдаг. Эрчим хүч цэвэр байхаас гадна тогтвортой байж чадаж байна уу гэдэг нь чухал. Тогтвортой хөгжлийг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хэнийг ч орхигдуулаагүй, аливаа бүлэгт хор нөлөө үзүүлэхгүй байж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгцээ бий. Бид хамтдаа ил тод, хүртээмжтэй, иргэн төвтэй эрчим хүчний ирээдүйг бүтээхийн төлөө ажиллаж байна.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр эрчим хүчний бодлогын шинэчлэлийг зөвхөн хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд биш, олон талын оролцоотойгоор хийх ёстой гэдэг ойлголтыг нэг түвшинд авчрахыг зорьсон юм.  Тиймдээ ч салбарын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний бодлогын шинэчлэлд ямар оролцоотой байх, яаж оролцох, оролцоогоо хангаснаар бодлого, шийдвэрийн үр дүнтэй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэлэлцлээ. Үүний сацуу уулзалтад ирсэн бүх төлөөлөгчид нэгдэж, эрчим хүчний салбарт бодлогын шинэчлэл хийхэд шаардлагатай оролцогч талуудыг тодорхойлсон юм.  

Эрчим хүчний үйл ажиллагаанд оролцогч бүхий л талуудын санал бодол, туршлага, бодит хэрэгцээг нэг дор хэлэлцэж, тэдгээрийг эрчим хүчний хууль эрх зүйн шинэчлэл буюу одоо боловсруулагдаж буй Цахилгаан, Дулааны хуулийн төслүүд болон сэргээгдэх, тархмал эх үүсвэрийн бодлогын шинэчлэлтэй уялдуулах нь чухал юм. Уулзалт хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний бодлогын шинэчлэлд ямар оролцоотой байх, яаж оролцох, оролцоогоо хангаснаар бодлого, шийдвэрийн үр дүнтэй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн.

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 2 төслийг танилцуулж, тэтгэлгийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ болон Энержи Инсайт сэтгүүлийн хамтарсан баг, мөн Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид ТББ тэтгэлэг гардав.

НҮБХХ-ийн “Оролцоо 3P4D” төслөөс тэтгэлэг авч буй Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ болон эрчим хүчний чиглэлээр дагнасан Энержи Инсайт сэтгүүлийн хамтарсан “Эрчим хүчний шинэчлэл – оролцоотой байж бодит болно” төслийн баг нь бодлогын цогц шинэчлэлийг олон талын оролцоотойгоор дэмжих зорилготой. Төслийн хүрээнд оролцооны туршлагыг бодлогын түвшинд ойртуулж, олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.