Сүүлийн хоёр өдрийг нийслэлчүүд тоггүй өнгөрүүллээ. Иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдлууд цөөнгүй гарч, эрчим хүчний салбарын асуудлууд хурцдаж, дүн өвлийн хүйтэнд цахилгаан хязгаарласнаас олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс цаг үеийн тодруулга авлаа.
- Хүйтний эрч эрс чангарсан энэ үед эрчим хүчний салбарт доголдол үүсэж хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахад хүрлээ. Таны хувьд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?
Юуны өмнө маш харамсалтай нөхцөл байдал үүсээд байна. Энэ нөхцөлд зайлшгүй бодит үнэлэлт, дүгнэлт хийх ёстой. Ийм байдалд хүрэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн гол, нийтээрээ ойлгох ёстой нэг асуудал бол эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн насжилт юм. Манай ихэнх цахилгаан станцуудын тоног, төхөөрөмжүүдийн насжилтын хугацаа аль хэдийн дууссан. Харамсалтай нь эдгээр тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх боломж хомс байна. Тиймээс салбарын инженер, техникийн ажилтнууд тэдгээрийг байнга тордож, засварлаж, арчилж өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, хуучирсан тоноглолуудыг бүх бололцоогоороо “амьд” байлгаж ирсэн гэсэн үг. Ийм нөхцөлд тоног төхөөрөмжүүд эхнээсээ эвдэрч, гэмтэл доголдол үүсэх нь зайлшгүй. Тиймээс энэ асуудалд эрчим хүчний салбарт ажиллаж буй 17 мянган ажилтныг буруутгах ямар ч үндэслэлгүй. Эдгээр хүмүүс гэртээ харихаа мартан, илүү цагаар ажиллаж, салбарын тасралтгүй ажиллагааг хангахын төлөө хичээж байна.
- Уг нь олон улсын жишгээр эрчим хүчний салбар нөөцтэй ажиллах ёстой байдаг. Гэтэл бидэнд нөөц алга?
Эрчим хүчний салбар зайлшгүй нөөцтэй ажиллах ёстой. Энэ бол дэлхийн бүх улс оронд мөрдөгддөг үндсэн зарчим. Жишээлбэл, 100 МВт-ын хүчин чадалтай нэг генератор зогсвол түүнийг нөхөх ижил чадалтай өөр генератор нөөцөд бэлэн байх шаардлагатай. Харамсалтай нь өнөөгийн нөхцөлд манай улс ямар ч бодит нөөцгүйгээр ажиллаж байна. Одоогоор IV дулааны цахилгаан станцын бүх генераторууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Хэрэглэгчдээ цахилгаан, дулаанаар хангахын тулд бүрэн чадлаараа ажиллахаас өөр ямар ч аргагүй.
- Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх болоод цаашид салбарын тогтвортой байдлыг хангахад ямар арга хэмжээ авч ажиллах шаардлагатай вэ?
Эрчим хүчний салбарт бодитой, тогтвортой хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага аль хэдийн тулгараад байна. Насжилтын хугацаа нь дууссан тоног төхөөрөмжүүдийг хугацаанд нь шинэчилж, солих ёстой. Улсын хэмжээнд зам засварын ажилд хэдэн их наяд төгрөг зарцуулдаг хэр нь эрчим хүчний салбарт ердөө хэдхэн тэрбум төгрөг л хуваарилж ирсэн. Ийм санхүүжилттэйгээр тоног төхөөрөмжүүдээ шинэчилж, найдвартай ажиллагааг хангана гэдэг боломжгүй.
Гэтэл дулаан, цахилгаан бол иргэдийн анхан шатны, амин чухал хэрэгцээ. Тиймээс асуудлыг зөв ойлгож, бодлогын түвшинд шийдвэрлэхийн тулд эрчим хүчний салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас, салбарын ажилчид өнөөдөр маш хүнд нөхцөлд, 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Гэсэн хэдий ч цалин хөлс нь бага хэвээр байгаа учраас томоохон уурхай, өндөр цалинтай салбарууд руу ажилчдаа алдаж эхэлсэн. Тиймээс эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн дуу хоолойг бодлого тодорхойлогчид бодитоор сонсож, салбарын асуудлыг цогцоор нь шийдэх цаг болсон.
