“Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр (2026.01.21) боллоо. Уг хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төсөл, Эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг хамтран зохион байгуулсан байна.
Монгол Улсын эрчим хүчний салбар нь нүүрсэнд суурилсан, төвлөрсөн бүтэц давамгайлсан хэв шинжтэй бөгөөд эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөж буйтай холбоотойгоор аюулгүй, найдвартай байдал, хүртээмжийн томоохон сорилтуудтай тулгараад байна. Ийм нөхцөлд цаашид сэргээгдэх эрчим хүч болон тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа билээ. УИХ болон Засгийн газрын зүгээс энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийхээр бодлого, чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэг нь Цахилгааны тухай хууль, Дулааны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үйл явц, мөн “Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн УИХ-ын тогтоол зэрэг бодлогын баримт бичиг, шинэчлэлтэй шууд уялдах юм. Эдгээр бодлогын шинэчлэл нь олон талын оролцоо, ил тод, хариуцлагатай шийдвэр гаргалтыг шаардаж, улмаар нийгэм, олон нийтэд ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, хэрэгжих боломжтой байх магадлал нь улам нэмэгдэхээр байна.
Уулзалт хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний бодлогын шинэчлэлд ямар оролцоотой байх, яаж оролцох, оролцоогоо хангаснаар бодлого, шийдвэрийн үр дүнтэй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэлэлцэнэ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Ажлын хэсэг, ЭХЯ, ЭХЗХ, бусад холбогдох агентлаг, төрийн захиргааны байгууллага, эрчим хүчний үйлдвэрлэл түгээлт, сэргээгдэх эрчим хүчний компаниуд, тархмал эх үүсвэрийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд хэрэглэгчийн холбоод, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) ТББ, Энержи Инсайт сэтгүүл, "Эрчим хүчний ирээдүйн манлайлагчид" ТББ оролцлоо.
