Нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй, 100-4200 кВт зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын дийлэнх нь төрийн байгууллагууд юм. Эдгээрийн 14 нь сургууль, 6 нь цэцэрлэг байна. Ирэх 2026 онд энэ сургууль, цэцэрлэгүүдийг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлэх албан бичгийг Боловсролын сайдад хүргүүлнэ. Хэрэв шилжүүлэхгүй бол эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэж мэдэгджээ.
Дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг таван том станц эрчим хүч үйлдвэрлэдэг. Эдгээрээс агаарын чанарын үзүүлэлтээр хамгийн муу гарсан нь III ДЦС байна.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-аас Эрчим хүчний сайдад уг станцыг усан болон цахилгаан шүүлтүүртэй болгож, агаарын бохирдлыг бууруулахад хамтарч ажиллах албан бичиг хүргүүлэх аж. Мөн өрхийн эрүүл мэндийн төв, хорооны байр, амралтын газар болон сувилал зэрэг 98 байгууллага түүхий нүүрс хэрэглэдэг. ӨЭМТ, хорооны байрыг НЗДТГ болон дүүргүүд хамтарч хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр төлөвлөжээ.
