Монгол Улсын Засгийн газар болон Өмнөговь аймгийн Засаг даргын “Өсөлттэй Өмнөговь” 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Даланзадгадад 50 МВт хүчин чадалтай ДЦС шинээр барихаар тусгажээ. Энэхүү төслийг орон нутгийн бондын санхүүжилтээр шийдвэрлэх зөвшөөрөл олгосон.
Одоогоор аймгийн үнэт цаас гаргах бэлтгэж ажлыг хангаж байна. Станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тус ДЦС жилд 367.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 56.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэнэ. Улмаар 8800 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 4920 хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн шинээр 170 ажлын байр бий болох аж. Мөн станцыг барихаар 12.6 га газрыг шийдвэрлэсэн байна.
Энэхүү станц нь Даланзадгад сумын хэрэглээг хангаад зогсохгүй бүсийн хэмжээнд эрчим хүчний ачааллыг бууруулах, бие даасан хангамж бий болгох, уул уурхайн төсөл, аялал жуулчлал, орон нутгийн хөгжилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
