Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг Ерөнхий сайд болон Засгийн газрын сайд нар (2025.11.09) танилцуулав. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Ирэх таван жилийн хугацаанд эрчим хүчний хараат байдлаас гарч чадах уу” гэх сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрбээр, “Энэ хугацаанд эрчим хүчний хараат байдлаас гарч чадна гэж бодож байна.
Ирэх таван жилийн төлөвлөгөөнд 15.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүд эрчим хүчний салбарт тавигдсан. Үүнээс гадна Эдийн засаг хөгжлийн яам 7 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй байна. Улаанбаатар хотын хоёр талд тус тус 1 ГВт авчрах, дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөлийн төслийг төсвийн орон зайны бололцоо бага гэх шалтгаанаар энэ төсөлд оруулаагүй. Үүнийг УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр нэмж оруулахаар Эдийн засгийн хөгжлийн яамтай тохирсон. Тэгэхээр ойролцоогоор эрчим хүчний салбарт 22 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ.
Эрчим хүчний яамны хувьд тогтвортой, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нь хамгийн эхний зорилт юм. Ирэх 2027 оны зургаадугаар сарын 30 гэхэд Монголын эрчим хүчний систем чадлын дутагдлаас гарна. Энэ өвөл ч гарна. Магадгүй 2026-2027 онд шилжих өвлийн оргил ачааллын үед 50 МВт дутагдалд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдчих болов уу гэж бодож байна” гэв.
