E-Sight
Эрчим хүчний салбарын залуучууд чууллаа

Эрчим хүчний салбарын залуучууд чууллаа

“Эрчим хүчний салбарын залуучуудын манлайлал” чуулга уулзалт (2025.10.10) боллоо. Энэхүү арга хэмжээг ЭХЯ, ССАЖЗЯ, Монголын Залуучуудын эвсэл ТББ, МҮХАҮТ-ийн дэргэдэх Эрчим хүчний зөвлөл, Ирээдүй эрчим хүчний манлайлагч хөтөлбөр болон Энержи Инсайт сэтгүүлээс хамтран зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд салбарын 35 хүртэлх насны 150 гаруй залуучууд оролцож, ажлын байран дээр тулгамддаг асуудлуудаа нээлттэй ярилцсан юм. 

Чуулга уулзалтыг нээж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий үг хэллээ. Түүний дараагаар “Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлт”, “Залуучуудын хөгжлийг дэмжих бодлого”, “Эрчим хүчний салбарын манлайллын хөтөлбөр” сэдвээр тус тус илтгэл танилцуулав.

Арга хэмжээний хоёрдугаар хэсэг “Эрчим хүчний салбарын залуучуудын тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтүүдийг нэгтгэн “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: Салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганаар хэлэлцэж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах юм. Энэ нь ажлын байран дахь хүний эрхийн зөрчлийг бууруулж, ажилтны эрх, нэр төрийг хамгаалах чухал ач холбогдолтой. 

Эрчим хүчний салбарт ажилладаг залуучуудад хамгийн түгээмэл тулгамддаг асуудал нь бага цалинтай, хангамж тааруу, тушаал дэвших боломж хомс, ээлжийн амралтаа бүрэн эдэлж чаддаггүй, ажлын байрны орчин нөхцөл муу, ажлын байр хадгалах боломжгүй зэргийг хөндлөө. 

Эдгээр хүндрэл, бэрхшээлүүдээс үүдэн салбарын хэмжээнд хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа аж. “Эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа ажиллах чин хүсэл бий ч цалин хөлс, ажлын орчноос болоод ажлаа солихоос өөр аргагүйд хүрч байна” гэдгийг залуучуудын төлөөлөл онцолж байна.

ЭХЯ болон холбогдох байгууллагууд ажилтнуудад хариулт өгч, зохих арга хэмжээг нь авч ажиллахаа илэрхийллээ. Ийнхүү залуучууд шийдвэр гаргагч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, хамтдаа гарц шийдэл илэрхийлж, харилцан санал солилцсон юм.