E-Sight
Н.Тавинбэх: III ДЦС-аас хамаарсан дулааны эрчим хүчний доголдолгүй болсон

Н.Тавинбэх: III ДЦС-аас хамаарсан дулааны эрчим хүчний доголдолгүй болсон

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт (2025.06.02) гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус хуралдаанаар дулааны цахилгаан станцад онц байдал тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулж байгаа юм. 

III ДЦС-д гарсан ослын уршгийг арилгаж хэвийн хэмжээнд оруулах таван багц ажил хийхээр төлөвлөжээ. Гурвыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар гурван ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх "III ДЦС-ад системийн хэмжээнд нөлөөлөхүйц томоохон хэмжээний аваар ослын уршгийг арилгаж хэвийн байдалд оруулах сэргээн босголтын ажлын хүрээнд 5 багц ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс гурван ажлыг нь энэ оны өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Өнөөдрийн байдлаар энэ ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна. Эдгээр ажил бүрэн хийгдэж дуусвал III ДЦС-ын дулааны үйлдвэрлэл өнгөрсөн оны оргил ачааллын үед үйлдвэрлэж байсан хэмжээнд, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг мөн өмнөх оны мөн үед үйлдвэрлэж байсан түвшнээс 50 орчим хувьд нь үйлдвэрлэл явуулж хэрэглэгчид нийлүүлэх техникийн боломжтой болно. Улаанбаатар хотод III ДЦС-аас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Тус станцаас хамаарсан дулааны эрчим хүчний хангамжтай холбоотой доголдол эрсдэл байхгүй болсон. Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийн 50 хувьтай тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутаж байгаа 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангахаар горим тооцоо, техникийн арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. 

Таван багц ажлын хоёрыг 2026 оны өвлийн их ачааллаас өмнө дуусахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь шинэ тоног төхөөрөмж, труба, генераторыг үйлдвэрлэх, тээвэрлэх, барилга угсралтын гүйцэтгэх хугацаанаас шалтгаалж байгаа. Засгийн газраас сэргээн босголтын ажилд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн. Сэргээн босголтын ажлыг шуурхай гүйцэтгэх эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн. Сэргээн босголтын хүрээнд хийгдэж буй ажлуудын хөрөнгө оруулалтын зардал 330 мянга орчим ам.доллар. Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа эх үүсвэрүүдийн хөрөнгө оруулалтын нэгжийн зардал 1МВт-ад оруулах хөрөнгө оруулалтын зардал 2.5- 2.8 сая ам.доллар байгаа. Өөрөөр хэлбэл маш хямд өртгөөр энэ сэргээн босголтын ажил хийгдэж байна гэж ойлгож болно" гэв.