E-Sight
Хятадын цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ $1.9 их наяд хүрчээ

Хятадын цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ $1.9 их наяд хүрчээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Хятадын цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэмжээ 1.9 их наяд ам.долларт хүрч, тус улсын ДНБ-ий аравны нэгийг бүрдүүлжээ. Эрчим хүчний судалгааны “Ember” төвийн шинэ тайланд Хятадын цэвэр эрчим хүчний өсөлт дэлхийн эрчим хүчний системд өөрчлөлт оруулж, шилжилтэд түлхэц өгч байгааг дурдсан байна.  

2024 онд дэлхийн нарны эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 67 гаруй хувийг бүрдүүлсэн Хятад улс сүүлийн 10 жилийн хугацаанд барилга байгууламж, тээвэр, аж үйлдвэр зэрэгт чулуужсан түлшний эрчим хүчний хэрэглээгээ бууруулжээ. 

Тухайлбал, 2015-2023 оны хооронд тус улсын эрчим хүчний эцсийн хэрэглээнд чулуужсан түлшний хэрэглээ барилга байгууламж, аж үйлдвэр, тээврийн салбарт 1.7 хувиар буурч, цахилгаан эрчим хүчний хэрэглээ 65 хувиар өсжээ. Эрчим хүчний салбарт салхины эрчим хүчний үйлдвэрлэл 16 хувиар, нарных 43 хувиар тус тус өссөнөөр 2025 оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад чулуужсан түлшний үйлдвэрлэл 2 хувиар буурсан байна. Уг тайланд дурдсанаар, сүүлийн нэг жилд анх удаа салхи, нарны эрчим хүч нь ус, цөмийн болон био эрчим хүчнээс илүү их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, дөрвөн жилийн өмнөх эх үүсвэрээс хоёр дахин их эрчим хүч үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн онд Хятад цэвэр эрчим хүчний салбарт 625 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан нь дэлхийн нийт эрчим хүчний 31 хувийг эзэлсэн байна.  2021-2024 онд тус улсын салхи, нарны хүчин чадал хоёр дахин өсөж 1400 ГВт хүрсэн бол  эрчим хүч хуримтлуурын (батарей) багтаамж гурав дахин нэмэгдэж бараг 95 ГВт болсон нь 2024 онд АНУ, Европын Холбооны хүчин чадлын нийлбэр дүнгээс давжээ.