E-Sight
Сонгино станц $10.6 саяын импортын эрчим хүчийг хаасан

Сонгино станц $10.6 саяын импортын эрчим хүчийг хаасан

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Сонгино дэд станцыг түшиглэсэн “Сонгино” 80МВт/200МВт.цаг батарей хуримтлуурын станц 2023 оны 12 дугаар сард эрчим хүчний сүлжээнд холбогдсон билээ. Тэгвэл тус станцын үйл ажиллагааг “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн зохицуулагч М.Наранбат сэтгүүлчдэд (2025.06.18) танилцууллаа. 

Станцын байршил ба үйл ажиллагаа

Улаанбаатар хотын хэмжээнд батарей хуримтлуурын станцыг Сонгино дэд станц, ТЭЦ-4 болон Улаанбаатар дэд станцыг түшиглэн байгуулах боломжтой байжээ. Ингээд Улаанбаатар дэд станц усны худаг, цэвэр усны ундаргатай ойр байдаг учраас батарей хуримтлуурыг байршуулах боломжгүй. ТЭЦ-4 зай талбайн хүрэлцээгүй учир Сонгино дэд станцыг сонгосон байна. 

Одоо тус станцад “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-иас ашиглалтын инженертэй нийлээд гурван инженер байнгын ажиллаж байна. Батарейн инженер, инвентерийн инженерийг саяхан томилжээ. Учир нь хэрэглэгчийн үнэ тарифыг нэмээгүй учир ЦДҮС-ний төсөв хүрэлцэхгүй байсан. Ашиглагч компани төсвөө хангалттай баталж чадахгүйгээс болж гол инженерүүдийг томилж чадахгүй нөхцөлд орсныг М.Наранбат учирлалаа. Харин гүйцэтгэгч ZTT компаниас 8 хүн ажилладаг бөгөөд байнгын хоёр инженер орчуулагчийн хамт байдаг. Ирэх жилийн нэгдүгээр сарын 01-нээс эхлэн монгол мэргэжилтнүүд дангаараа энэхүү станцыг хариуцаж ажиллахаар болжээ. 

“Батарей хуримтлуурын тендерт Хятадын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) хамгийн бага үнийн санал өгсөн. Анх тендер зарлаж байх үед батарейн гол түүхий эд литийн үнэ огцом өссөнөөс тендерт шалгарах компани гарч ирэх болов уу гэж бид санаа зовсон. Азаар төсөвт багтсан нэг санал байсан. Тендерт нийт 22 компани оролцсоноос Хятадын 18 компанийн нэг нь шалгарсан Энэ компани хамгийн бага үнэ, захиалагчийн техникийн шаардлагыг бүрэн хангасан, санхүү болон туршлагын чадавхыг хангасан гүйцэтгэгч байсан” гэж төслийн зохицуулагч хэллээ. 

Зургийн тайлбар: Төслийн зохицуулагч М.Наранбат, "Сонгино" батарей хуримтлуурын станц (2025.06.18)

Сэргээгдэх эх үүсвэртэй батарейн станц

“Сонгино" станцыг 00:00-06:00 цагийн хооронд 20-30 МВт чадлаар цэнэглэж байна. Тэр үед салхин станцын нийлбэр багагүй байж салхинаас цэнэглэсэн гэж нотолдог. Энд жилийн турш салхи багатай үе бага гэж хэлж болно. Жилдээ 58.5 сая кВт.цаг эрчим хүчийг нийлүүлэх төлөвлөгөөтэй боловч үүнийг давуулан ашиглаж байна. Өнгөрсөн жил ойролцоогоор 65 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлсэн. Манай улс чадлын дутагдалтай байвал цаашид өндөр нийлүүлэлт хийх төлөвтэй байна. Иймээс батарейн насжилтын хугацаа богиносно гэж тооцож байна” гэв. 

Сонгино батарей хуримтлуурын станцын нэг зорилго нь ногоон хөгжлийг дэмжих явдал билээ. Иймээс төлөвлөгөөний дагуу жил бүр 46.8 мянган тонн хүлэмжийн хийн (CO2) ялгарлыг бууруулж, 2030 онд 842 мянган тонн СО2 бууруулах боломжийг олгож байна. 

Тус станцын хэрэгжүүлэгч байгууллага ЭХЯ, ашиглагч байгууллагаар “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК байна. Сонгино станц оргил ачааллын үеэр 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлснээр 30 мянга хүртэлх айл өрхийн цахилгаан эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлж байгаа аж. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр системтэй зэрэгцээ ажиллаж эхэлснээс хойш тавдугаар сарын 31-ны байдлаар 96.2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлж, 10.6 сая ам.долларын импортын эрчим хүчийг хаасан байна. 

Уг төслийг АХБ-ны 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 11.95 сая ам.долларын татварын чөлөөлөлтөөр хэрэгжүүлж байна. Энэ оны зургаадугаар сарын 16-нд нийт зээлийн ашиглалт 82.4 хувь буюу 84.8 сая ам.доллар хүрсэн. Зээлийн нийт хугацаа 14 жил, зээлийн хүү 2.225 хувь байна. Төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, төлбөр төлөх хугацаа 2026-2045 он, ашиглаагүй зээлийн үлдэгдэлд төлөх хувь 0.15 хувь байхаар гэрээнд тусгажээ.