E-Sight
Бөөрөлжүүтийн ЦС-ын II блок ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Бөөрөлжүүтийн ЦС-ын II блок ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орно

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч арванхоёрдугаар сар хүртэл хойшилжээ. Уг 150 МВт бүхий хүчин чадалтай II блокийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Саяхан III ДЦС-д харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторд гэмтэл үүссэн. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 12 МВт зогссон гэх мэдээлэл аваад байна. Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блок чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ бол Улаанбаатар хот 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, эрчим хүчний салбарт 350 МВт станц барихад хөрөнгө оруулалт хийсний үр дүн. Мөн Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээр хийж байна” гэв.