Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт семинарыг (2025.06.12) зохион байгууллаа. Уг арга хэмжээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцож, эрчим хүчний шилжилттэй холбоотой асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б. Ерэн-Өлзий “Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний зорилтуудаа бодитой хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж байна. Ингэхдээ эрчим хүчний эх үүсвэрүүдийг төрөлжүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг хамгаалж, тэгш хүртээмжтэй байдлаар хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцоллоо.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт хийхэд хүн төвтэй бодлого боловсруулах нь хамгийн чухал. Энэ нь дан ганц технологи, дэд бүтцийн асуудал бус, нийгмийн бүхий л давхаргад хүрч байх учиртай. Үүнээс гадна хүртээмжтэй, найдвартай, хямд байх ёстой” гэв.
Арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой эрчим хүчний төвийн захирал Риад Меддеб цахимаар оролцлоо. Тэрээр “2600 ГВт-аас давсан сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, бодлогын түвшинд томоохон зорилтуудыг тавиад буй Монгол Улс тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Тэгш бус байдлыг бууруулж, эрүүл мэндийг дэмжиж, хүртээмжтэй өсөлтийг хангах бололцоо бий. Иймд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь санхүүжилт, дэд бүтэц, цахим хэрэгсэл, бодлогын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна" гэсэн юм.
Энэхүү хамтарсан хөтөлбөр нь тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг тогтоох, эрчим хүчний шилжилтийг дэмжих уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн замын зураглалыг боловсруулах гэсэн гурван үндсэн зорилгын хүрээнд хэрэгжиж байгаа юм.