УИХ-ын чуулганы хуралдаанаар (2025.05.29) Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банканд олон талт байгууллагууд байдаг. УИХ-аар cоёрхон баталсан тохиолдолд зөвхөн нэг улсын гэлтгүй олон улсын компаниудад тендерийг нээлттэй зарлана. Солонгосын Эксим банкны экспортын зээлээр 10 аймгийн төвд ДЦС-ууд барих төслийг тус улсын компаниудын дунд тендер зарлах нөхцөлтэйгөөр олгогдсон. Энэ дагуу 2021 онд тендер зарлагдаж "Бьюксан Инженеринг" компани шалгарсан. 2025 оны дөрөвдүгээр сард тухайн компани Солонгостоо дампуурлын тухай хамгаалалтад хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд тус улсын аж ахуйн нэгжүүдийн дампуурлын тухай хуулиар шийдвэрлэгдэнэ. Энэ зургаадугаар сард Солонгосын захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нэг талдаа гарна. Дараа нь шинээр томилогдсон эрх хүлээн авагч төслийн хувь заяаг шийднэ.
Энэ процессыг хүлээхгүйгээр Солонгосын "Кореа Эксим" банкны төлөөллүүдтэй хоёр удаа уулзалт хийсэн. Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд идэвхтэй оролцоод явж байна. Солонгосын талын буруугаас шалтгаалж зээлийн хүү гүйж буй нөхцөлийг зогсоох хэлэлцээр явуулъя гэсэн. Гэхдээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр аль нэг талдаа гарч, энэ компани төслийг хэрэгжүүлж дуусгах, эсвэл төслийг одоо байгаагаар нь үнэлж үлдсэн ажил дээр нь шинээр тендер зарлах гэсэн хоёр сонголт байна. Чадвар муутай компани шалгараад ийм байдалд орсон. Монголын талаас авч хэрэгжүүлэх захиалагчийн бүх үүргийг Эрчим хүчний яам, Сангийн яам ямар нэгэн доголдол, гажуудалгүйгээр гэрээнд заасан үүргийн дагуу хэрэгжүүлж байгаа” гэв.