E-Sight
Үүрэг хүлээсэн хэрэглэгчид 19.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэжээ

Үүрэг хүлээсэн хэрэглэгчид 19.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэжээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн зөвлөгөөн-2025” арга хэмжээ (2025.05.29) боллоо. Тус зөвлөгөөнд 250 гаруй үүрэг хүлээсэн хэрэглэгч оролцжээ.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас тогтоосон хэрэглээний босго хэмжээг давсан 226 хэрэглэгч байгууллага үүрэг хүлээж байна.Үүнд эрчим хүч, барилга, зам тээвэр, мэдээлэл холбоо, уул уурхай, хүнд, хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн салбар байгууллагууд хамаарч буй.

Зөвлөгөөнөөр Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг чадавхжуулах, тэдний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн мэдээллүүдийг хүргэжээ. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг хэмнэх арга зам, барилгын дулаан алдагдлыг бууруулах боломжууд, ногоон зээл, сэргээгдэх эрчим хүч, шинэ техник технологийг ашиглах талаар танилцуулсан байна. Мөн үеэр оролцогчид нээлттэй ярилцаж, харилцан туршлага хуваалцаж, санал солилцжээ.

2024 онд үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр 990 нэр төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж 19.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 57.4 мянган Гкал дулааны эрчим хүчний хэмнэлт гарах боломжийг бүрдүүлж 38,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулжээ.

Эрчим хүч хэмнэлтийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эрчим хүч хэмнэх санаачилга гаргаж, сайн туршлага нэвтрүүлж, бусдыгаа манлайлсан нэр бүхий байгууллагуудад Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс талархал гардуулсан байна.