Монгол Улсын Засгийн газраас сэргээгдэх эрчим хүчний чиглэлд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад анхаарч, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалахад чиглэсэн олон төрлийн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Учир нь манай улс таван жилийн дараа гэхэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэхээр хангах үүрэг, амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 4,189 МВт хүргэх шаардлагатай гэсэн тооцоолол бий.
Тэгвэл шинээр 500 МВт салхин цахилгаан станц, 426 МВт нарны цахилгаан станц, 116 МВт усан цахилгаан станцын төслүүдийг зарлахаар Эрчим хүчний реформын үндэсний хороо төлөвлөжээ. Эдгээр төслийг олон улсын нээлттэй тендер, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт (аукцион) зарчмаар хэрэгжүүлэх аж.
Хамгийн эхний нээлттэй тендерийг энэ зун зарлахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Ингэхдээ төслийг хэрэгжүүлэхэд 15-20 жилийн урт хугацааны гэрээ байгуулах, ам.доллароор тооцох зэрэг боломжуудыг олгох юм байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний тоног, төхөөрөмжүүдийг хил, гаалийн татвараас чөлөөлнө.
Монгол Улсад ногоон дата төв барихад нэн тохиромжтой гэж Эрчим хүчний реформын үндэсний хороо үзэж байна. Учир нь дата төвийн ашиглалтын 60-70 хувь нь хөргүүрт зарцуулагддаг. Харин Монголд жилийн 8-9 сар хүйтний улирал үргэлжилдэг учраас уг зардал буурах аж. Мөн байгалийн гамшигт үзэгдэл тохиох нь бага. Тиймээс энэ чиглэлээр хөрөнгө оруулалт татах боломж, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна.